Польшийн Шклярска-Поремба хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тодруулбал тус тэмцээнд манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдөж байгаагаас гурав нь алтан медалийн болзол хангажээ. Тэмцээний сүүлийн буюу есдүгээр өргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд найман өргийн дараах байдлаар охидын найм хүртэлх насанд Өмнөговь аймгийн тамирчин Б.Оюун-Үжин, 9-10 насанд “Хөлөгт тоглоом” клубийн Г.Дэлгэрмаа, 11-13 насанд “Сонгодог байрлал” клубийн Б.Тамир нар түрүүлэх болзлоо хангаж, дэлхийн аварга боллоо. Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтойг Монголын даамын холбооноос мэдэгдээд байна. Харин маргааш рапид буюу түргэвчилсэн, нөгөөдөр блиц буюу түргэн тоглолтын тэмцээн болсноор ДАШТ өндөрлөх аж.