Чингис хааны эхээс мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт тохионо.
Жил бүрийн энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Энэ жилийн тухайд, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Бан Ги Мүнийг “Чингис хаан” одонгоор шагнахаар шийдвэрлэжээ.
“Бан Ги Мүн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа НҮБ, Монгол Улсын хоорондын харилцааг шинэ шатанд гаргасан. БНСУ-ын гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол-Солонгос хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм” гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Ө.Занданшатар онцоллоо.
Б.Наранчимэг