Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Ахмадын шатрын ААШ тэмцээнийг наймдугаар сарын 9-19-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулж, Энэтхэг, Япон, Казахстан, Кувейт, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Оросын шатарчид оролцсон билээ.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан монгол шатарчид өчигдөр /2024.10.28/ олон улсын цолныхоо батламжийг хүлээн авлаа. Тодруулбал, шатарчин И.Ганбаатар Дэлхийн шатрын холбооны мастер болон олон улсын мастер, Г.Баярмаа эмэгтэй олон улсын мастер цолыг тус тус хүртлээ. Тэд хоёул ахмадын шатрын ААШТ-д гуравдугаар байр эзэлсэн юм. Мөн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн монгол шатарчин Д.Хүрэлбаатар чансааны оноогоо 2200-д хүргэж, олон улсын мастер цолны болзол хангасан бол Азийн аваргын хүрэл медальт Н.Энхнасан нь чансааны оноогоо 2000-д хүргэж дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер, олон улсын мастер цолтон болжээ.