2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болсон. Үүнд дургүйцсэн Х.Баттулга “МАН-ыг татан буулгана” гэж мэдэгдээд орой нь Зэвсэгт хүчний Жанжин штабт очиж учир битүүлэг уулзалт хийж байлаа.
ВИДЕО:
-“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЦЭЦ ХЯНАХГҮЙ” ГЭХ ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАМААР “ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЗӨВХӨН НЭГ УДАА СОНГОНО” ГЭСЭН ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖ У.ХҮРЭЛСҮХИЙН ЭРХИЙГ СУНГАХ ГОМДЛЫГ НЭР БҮХИЙ ИРГЭД ГАРГАЖЭЭ-
Х.Баттулгын эсэргүүцсэн Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтаар У.Хүрэлсүх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэгвэл эрх баригч МАН найман жилийн дараа л өөрчлөх ёстой Үндсэн хуулийг ердөө дөрвөн жилийн дотор хоёр удаа ч өөрчилсөн. Мөн удалгүй Үндсэн хуулийн гурав дахь өөрчлөлтийг хийж магадгүй байна. Ингэхдээ Үндсэн хуулийн 30.2 дахь заалтаас “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг хасахаар ордны хуйвалдаан эхэлсэн байж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь 2023 оны 4 дүгээр сард иргэн С.Номынбаясгалан мөн 2024 оны 1 дүгээр сард иргэн Э.Хишигсүрэн нар “ярилцсан юм шиг” яг ижил утга санаа бүхий гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байгаа юм. Тэд гомдолдоо “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д заасан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж” байна гэжээ. Хамгийн ноцтой нь Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэж чадахгүй байгаа нэмэлт, өөрчлөлт гэдэгт 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тэр дундаа “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт багтаж байгаа юм.
Иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд 2023 онд гаргасан мэдээлэлдээ “Монгол Улсын Их Хурлаас 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад тус, тус “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад” гэсэн нэмэлт оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн үзэл баримтлал зэрэгт үл нийцсэн, харшилсан зөрчсөн эсэх асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхаар зохицуулсан байна.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” Үндсэн хуульд нийцэж, зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлэхээр болсон нь түүний “Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуулийн хуульт ёсыг хамгаалж, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих” онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна” гэжээ.
Тодруулбал, түүний мэдээлэлд дурдагдаад буй Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-д хяналт тавина гэж 2022 оны наймдугаар сарын 24-ны өдөр УИХ өөрчлөлт оруулсан байна. Товчхондоо, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхэд хянан хэлэлцэх боломжгүй болгож “цоожилж өгсөн” гэсэн үг юм.
-ЦЭЦИЙН ДАРГА Г.БАЯСГАЛАН ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙ ОРОЛЦОХООР ГҮЙЖ ЭХЭЛСЭН, УИХ ХҮЛЭЭЖ АВАХАД МАН-ЫН БҮЛЭГ БЭЛДЭЖ БАЙГАА СУРАГ БИЙ-
Улмаар С.Номынбаясгалан цэцэд гаргасан мэдээлэлдээ,“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт үү эсвэл бусад хууль уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн тухай шийдвэр гаргах тухай бүрэн эрхийг үгүйсгэсэн, явцууруулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад гэж нэмсүгэй” гэсэн нь зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Харин иргэн Э.Хишигсүрэн Үндсэн хуулийн цэцэд 2024 онд гаргасан мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль”-ийг гэж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар оруулсан нэмэлт мөн Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэхь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль” гэж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан нь Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд хяналт тавих Цэцийн эрх хэмжээг хязгаарласан байх тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Тэгвэл дээрх заалтыг өөрчлөх замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцдэг болж, улмаар 2019 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгохтой холбоотой заалтыг өөрчилж магадгүй байгаа юм. Үүнийг гүйцэлдүүлэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад түүний Засгийн газрынх нь Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан одоогийн Цэцийн дарга Г.Баясгалан голлох үүрэгтэй оролцохоор гүйж эхэлсэн, УИХ хүлээж авахад МАН-ын бүлэг бэлдэж байгаа гэсэн сураг бий. Үр дүнд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж магадгүй юм.