О.Цогтгэрэл: Монголбанк улстөрийн нөлөөлөлгүй мөнгөний бодлого хэрэгжүүлэх чадваргүй гэдгийг харуулж байна /ВИДЕО/

О.Цогтгэрэл: Монголбанк улстөрийн нөлөөлөлгүй мөнгөний бодлого хэрэгжүүлэх чадваргүй гэдгийг харуулж байна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төсөлд инфляцийг дунд хугацаанд 5 хувь /+-2/ хувьтай байлгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж 2027 оноос 5 хувь болгож бууруулна гэсэн байна. Энэ нь  богино хугацаанд инфляцийн эсрэг явуулах тодорхой хэмжигдэхүйц зорилго болж чадахгүй байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд ирэх онд Монгол Улсын инфляцийг 7.2-9.5 хувьд байна гэж таамагласан. Мөн төсвийн зардал, эрчим хүч, дулааны үнэ нэмэгдэж байгаагаас үүдэж ирэх онд үнийн өсөлт үүнээс өндөр байх магадлалтай. Гэтэл Монгол банкны зүгээс инфляцийн эсрэг бодлогоо ийм тодорхой бус ерөнхий байдлаар тодорхойлж байгаа нь нэг талаас хариуцлагаас зайлсхийж нөгөө талаар улстөрийн нөлөөлөлгүй мөнгөний бодлого хэрэгжүүлэх чадваргүй байна гэж үзэхэд хүргэж байна. Хэдхэн хоногийн өмнө гаргасан ОУВС-ийн шинжээчдийн дүгнэлт ч үүнийг батална. Уг дүгнэлтэд, импортын барааны үнийн өсөлт саарснаар инфляци тогтворжиж байгаа мэт боловч хэрэглээний зээлийн өсөлт өндөр хэвээр төсвийн хэт тэлэх бодлого хэрэгжиж байгаа тул инфляци эргэн өсөх хүлээлттэй байна. Ийнхүү мөнгөний бодлогыг сулруулах нөхцөл байдал үүсээгүй байтал Монгол банк есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулсан явдал гэж үзсэн. Дотоодын мэргэжилтнүүдийн зүгээс ч Монгол банкны дээрх шийдвэрийг орон нутгийн сонгуулийг угтсан улстөрийн шийдвэр гэж үзэхээс аргагүй хэмээсэн.

Манай улс импортын хэрэглээний хамаарал өндөр, гадаад валютын ханш өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлдөг. Гэтэл энэ нөхцөлд Монгол банк валютын ханшийн савлагааг интервенцээр барьж ирсэн. 2020, 2021 онд Монгол банк валютын ханшийг интервенцээр барьснаас болж сонгуулийн дараа валютын ханш 30 гаруй хувиар савлаж байсан түүхтэй.   

Үүний улмаас экспортын орлого нэмэгдсээр байгаа ч гадаад валютын албан нөөц буурах хандлагатай байна. Импортын өсөлт, нүүрсний үнийн уналтаас болж жилийн өмнө 600 гаруй сая долларын ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 7 сарын байдлаар 136 сая долларын алдагдалтай болжээ. Цаашид энэ алдагдал гүнзгийрч ханш, инфляцаар дамжиж эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтайг үүнээс хамгаалах валютын нөөцтэй болох боломжоо ашигласангүй. Төлбөрийн тэнцлийн алдагдалд импортын өсөлт төсвийн зардлын болон хэрэглээний зээлийн өсөлт нөлөөлж байна. Иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ энэ оны эхний  хагас жилийн байдлаар 38 хувиар нэмэгдэж нийт олгосон зээлийн гуравны нэгт хүрчээ. Өнгөрсөн нэг жилийн дотор арилжааны банк дахь иргэдийн өрийн үлдэгдэл 44 хувь банк бус санхүүгийн байгууллага дахь зээлийн үлдэгдэл 53 хувиар нэмэгдэж эдгээрийн давхцалтай иргэдийн тоо 26 хувиар өсөөд байна. Энэ баримтаас харахад айл өрхүүд өрийн дарамтад орж, амьдрал доошилж байгаа санхүүгийн секторын тоо нэмэгдэж байгааг харж болохоор байна. Жилийн өмнө баталсан 2024 оны мөнгөний бодлогод эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийн  өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэсэн боловч энэ зорилт хэрэгжээгүй байна. Мөнгөний бодлого иргэдийн амьдралд, бизнест үр нөлөөгөө үзүүлээгүй байна" гэлээ.

Б.Наранчимэг




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө