ОХУ-ын тал "Эгийн гол"-ын УЦС барих өмнөх судалгаануудыг үгүйсгэж,  "Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг шинээр байгуулъя" хэмээн төслийг дахин 3 жилээр гацаав

ОХУ-ын тал "Эгийн гол"-ын УЦС барих өмнөх судалгаануудыг үгүйсгэж, "Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг шинээр байгуулъя" хэмээн төслийг дахин 3 жилээр гацаав

Олон жилийн туршид олон хүний оролцоотойгоор гацсан "Эрдэнэбүрэн", "Эгийн гол"-ын усан цахилгаан станцыг барьчихвал манай улс ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат бус болно. 

-ОРОСУУД ТУС ТӨСЛИЙГ 1991 ОНООС ХОЙШ ГАЦААЖ, БҮР 2016 ОНД БНХАУ-ЫН НЭГ ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД НҮБ-Д ГОМДОЛ ГАРГАН ЗОГСООЖ БАЙВ-

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг барих улс төрийн шийдвэрийг 2023 оны аравдугаар сард БНХАУ-д болсон “Бүс ба Зам” уулзалтын үеэр гаргаж, хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр холбогдох албаныхан төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ дагуу "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц"-ыг барих БНХАУ-ын компани тодорхой болж ажлаа эхлүүлээд явж байна.

Харин нөгөө нэг том төсөл болох "Эгийн голын усан цахилгаан станц" барих асуудлаар хамгийн сүүлд  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн сард Монголд хийсэн айлчлалын үеэр ярилцсан. Тодруулбал, В.Путины айлчлалын үеэр "Эгийн голын усан цахилгаан станц"-ыг барихтай холбогдуулан санамж бичиг байгуулж, манай талын ажлын хэсгийг Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ахлах шийдвэр гарсан юм. Ерөөс манай улсын Засгийн газраас "Эгийн голын усан цахилгаан станц"-ын яриа хэлэлцээг ОХУ-ын талтай хийхээр байнгын хүчин чармайлт гаргаж ирсэн. Тэр бүрт айлын талаас “салаавч” өгч байсан гэж  хэлж  болно.

Харин 2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллгааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путинтэй уулзаж энэ талаар ярилцахад арай нааштай хүлээн авч "толгой дохисон" юм. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд ОХУ-ын Владивосток хотод зохиогдсон “Дорнын эдийн засгийн форум”-ын ээлжит VII чуулганд оролцохдоо тус төслийг хөдөлгөх асуудлыг мөн В.Путинтэй ярьсан. 

Эл уулзалтаас хэдхэн хоногийн өмнө манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш манай улсад айлчилж, “Эгийн голын усан цахилгаан станцыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ ч мэдэгдэж байв. Энэ өгүүлбэрийн ард бүтэн геополитик явж, В.Путины анхааралд хүрсэн учраас тэрбээр НҮБ-ын байр, суурийг илтэд сөрж чадахгүй эвтэйхэн аргалж, "Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэсэн хариуг манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлсэн байдаг. 

Энэ мэтээр тус төслийн талаар ОХУ нааштай хариу өгөхгүй ирсэн нь Монгол Улсыг төмөр зам болоод эрчим хүч, шатахууны хувьд өөрөөсөө хараат байлгах зорилготой байж болзошгүй байдаг.

Учир нь анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч дандаа айлын талаас болж хойшилсоор иржээ. Улмаар 2013 онд тус цахилгаан станцыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, 2014 онд уг станцыг 315 МВт-ын хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байв. Бүр 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Тэд Байгаль нуурын эко системд сөрөг нөлөөтэй гэх гомдлыг гаргаснаар уг ажлыг зогсоосон. 

-ОРОСЫН ТАЛААС СУДАЛГААНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЪЯ ГЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫХЭЭ ҮГИЙГ ДАМЖУУЛЖ, 2026 ОНД НЭГДСЭН ДҮНГЭЭ ГАРГАЯ ГЭСЭН БАЙНА-

Үнэхээр Байгаль нуурын эко системд хор нөлөөтэй юу гэдгийг тогтоохоор "Эгийн голын усан цахилгаан станц" ТӨХК, ШУА- тай хамтарч судалгаа хийсэн. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэсэн ч Францын компанийн хийсэн Эгийн голын УЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг харсан ОХУ-ын Эрчим хүчний яам нь "Найрамдалт бус харилцаатай орноор үнэлгээ хийлгэмээргүй байна. Харин манай хоёр улсын дөрвөн яам дундаа ажлын хэсэг байгуулчихъя" гэж мөн хойшлуулж байлаа.

Ингэж явсаар сая нэг В.Путины айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурж, араас нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар өнгөрсөн долоо хоногт Москвад уулзалт хийсэн ч мөн л Оросын талаас энэ төслийг дахин гурван жилээр хойшлуулах арга чаргыг бидэнд тулгасан байна. Өөрөөр хэлбэл, Антонио Гутеррешийн Монгол дахь айлчлалаас хойшхи В.Путины манайд давтан хэлж ирсэн байр суурийг л дамжуулж. 

Тодруулбал, хоёр тал  "Эгийн голын усан цахилгаан станц" байгуулахад байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх талаар тохиролцоонд хүрчээ. 

Ингэхдээ хоёр улсын шинжлэх ухааны академийн зургаа, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллах судалгааны ажлын хэсгийг байгуулж, манай талаас Одон орон, геофизикийн хүрээлэн захирал академич С.Дэмбэрэл ахлахаар болсон байна. 

Хоёр тал өмнөх судалгааны ажлуудаа солилцох бөгөөд 2026 оны төгсгөлд дүгнэлтээ гаргахаар тохирчээ. Энэ нь тус төслийг өмнөхийн адил гацаах оросуудын ээлжит оролдлого байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ "Эгийн голын усан цахилгаан станц" баригдвал 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ. Жилд 50 гаруй сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авдаг байсныг дотоодоосоо хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэхүйц татварын орлого бүрдэх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой юм.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө