Кёкүтэнхо Н.Цэвэгням сумо бөхийн өөрийн дэвжээгээ нээжээ

Кёкүтэнхо Н.Цэвэгням сумо бөхийн өөрийн дэвжээгээ нээжээ

Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Кёкүтэнхо Н.Цэвэгням Японы Токио хотын Кацүшика дүүргийн Аотод шинэ дэвжээгээ нээсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Ингэснээр Кёкүтэнхо Н.Цэвэгням шинэ байрандаа орж, өрх тусгаарласан байна.

Түүний нээсэн сумо бөхийн дэвжээний гурван давхар барилгад цолтой бөхчүүдийн өрөө, залуу бөхчүүдийн нийтийн том өрөө, бэлтгэлийн өрөө гэх мэт бүх зүйл багтсан аж. Тэрээр нээлтийн ёслолын үеэр ярихдаа “Одоо л нэг дэвжээ эзэмшсэн ояката жинхэнэ утгаараа боллоо. Баяртай байна. Эхнэр, гурван хүүхэд маань ч энэ байранд амьдарна. Гол анхаарах зүйл нь шинэ, залуу бөхчүүд байлаа. Тэдний өрөөг гэрийнхээ өрөөний хажууханд байрлуулсан. Аав, ээжээс нь хүүхдийг нь сумоч болгоно гээд авсных сайн харж хандахгүй бол болохгүй. Насанд хүрээгүй хүүхэд ч бий. Дэвжээ гэдэг бол нэг гэр бүл” гэжээ.