Сар шинийн барилдаанд допинг илэрч, барилдах эрхээ 8 жилээр хасуулсан Э.Оюунболдын гомдлыг арбитрын шүүх хүлээн авч, хэлэлцэхээр болжээ

Сар шинийн барилдаанд допинг илэрч, барилдах эрхээ 8 жилээр хасуулсан Э.Оюунболдын гомдлыг арбитрын шүүх хүлээн авч, хэлэлцэхээр болжээ

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үлдсэн 16 бөхөөс хоёрдугаар сарын 20 /2023.02.20/-ны өдөрр буюу битүүний өдөр допингийн шинжилгээ авахад улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн байдаг.

Иймд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах шийдвэрийг гаргаж байв. Харин Э.Оюунболд уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22 /2024.04.22/-ны өдөр Дээд шүүх түүнийг гомдлыг хэлэлцэхээс татгалзсан юм.

Тэгвэл улсын арслан Э.Оюунболд нь Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс Э.Оюунболдын гомдлыг хүлээн авч, хэлэлцэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх гурван шатны шүүхээр асуудал нь шийдэгдэж ялагдсан Э.Оюунболдын допингийн асуудлыг яагаад хоёр жил орчим хугацаа өнгөрсөн байхад хүлээн авч, хэлэлцэхээр болсон нь энд анхаарал татаж байгаа юм. Угтаа допингийн асуудлаар үүссэн гомдлыг тухайн бүрд нь хэлэлцэж, шийдвэрлэх журамтай байдаг аж. Гэтэл Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх, тэр дундаа тус байгууллагын Ерөнхийлөгч Г.Батзаяа нь Э.Оюунболдын гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болоод байгаа нь магадгүй ямар нэгэн ашиг сонирхол байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь Э.Оюунболдоос 2021 онд допинг илэрч, эрхээ хасуулсан асуудлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх хэлэлцээд барилдах эрхийг нь сэргээж байсан юм. Гэсэн ч үүний дараа буюу 2023 онд дахин түүнээс допинг илэрч, өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна. Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.