АСУУДЛЫН МӨРӨӨР: БНХАУ-ын Эрээн хотод нэг ширхэг бродюрыг 65-80 юаниар худалдаалж байна /ВИДЕО/

АСУУДЛЫН МӨРӨӨР: БНХАУ-ын Эрээн хотод нэг ширхэг бродюрыг 65-80 юаниар худалдаалж байна /ВИДЕО/

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хийгдэж буй бродюр солих ажил сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл замын компаниуд бродюроор бизнес хийж, мөнгө угааж байна уу гэдгийг бид энэ удаад "Асуудлын мөрөөр" буландаа хөндөж, БНХАУ-ын Эрээн хотыг зорилоо. 

ВИДЕО: 

БНХАУ-ын Эрээн хотод худалдаалагдаж буй бродюр нь чанар, хэмжээ, аль хотоос ирсэн зэргээс шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байна. Бид Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн чулууны дэлгүүр, үйлдвэрүүдээр орж, энэ талаарх мэдээллийг цуглуулсан юм. 

Сүүлийн 30 орчим жил чулууны бизнес хийж буй "Тянь юань" гэх чулууны дэлгүүрийн эзэн Жан Юун Ши "Чулуун хашлагийн үнэ харилцан адилгүй зарагдаж байгаа. Өнгө, хэмжээ, чанараасаа хамаараад янз бүр байна. Монголчуудын авч байгаа замын хашлага нэг ширхэг нь 60 юань. Энэ гэхдээ зөвхөн манайхаас гарах үнэ.

Харин бусад зардлыг худалдан авч байгаа иргэд өөрсдөө хариуцна. Монголын зам дээр тавьж байгаа хашлагыг 40 юаниар зарсан гэх мэдээлэл худал. Эрээнд ийм үнэ хаана ч байхгүй. Үнэхээр ийм бродюр 40 юань байвал бид өөрсдөө худалдаад авъя. Ямар ч асуудал байхгүй" гэсэн юм.

Харин Эрээнд чулуу зардаг хамгийн том чулууны төвийн ажилтан н.Цэцгээ гэх эмэгтэй "Манай захирлын чулууны үйлдвэр Эрээндээ хамгийн том нь. Тиймээс ч монголчууд чулуун бүтээгдэхүүн маш ихээр авдаг. Улаанбаатарын зам дээр суурилуулж байгаа бродюр хамгийн хямддаа 65 мянган төгрөг. Чулууны хувьд нэг насны баталгаатай. Манайх Хө Вэ хотоос чулуун бродюраа нийлүүлдэг. Хувийн компани болохоор мэдээж өөрсдөө бага зэргийн ашиг олно гэж тооцоод үнээ тогтоосон. Үүнээс хямд борлуулах ямар ч боломж байхгүй" гэдгийг тодотгосон юм. 

Манай сурвалжлах баг ийнхүү хэд хэдэн үйлдвэр, дэлгүүрээр орсон бөгөөд дээрх хүмүүстэй ижил мэдээлэл өгч байлаа. Тиймээс бид Эрээн хотоос Улаанбаатар хүртэл тээврийн зардал хэд байдгийг тодруулахаар Эрээний гаалын газрыг зорьсон юм. Тус газарт биднийг очих үеэр Монгол руу бродюр тээвэрлэх гэж байсан хоёрхон тээврийн хэрэгсэл байв. Тухайн гаалийн хашаанд байсан монгол жолооч нараас тээврийн хөлсний талаар лавлахад "бродюрыг 8000-10000 юанийн ханшаар тээвэрлэж байгаа" гэдгийг хэллээ. 

Тэгвэл Монгол Улсад сүүлийн нэг сарын хугацаанд нийт хэдэн тонн бродюр орж ирсэн. Үүнд нь хичнээн төгрөгийн татвар ногдуулав гэдгийг Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны дарга Г.Алтансүхээс тодрууллаа. Тэрбээр "Есдүгээр сарын 01-26-ны өдрийн хооронд нийт 19 аж ахуйн нэгж 1362 мкуб буюу 3650 тонн бродюрыг 149 тээврийн хэрэгсэлээр хилээр оруулж ирсэн бөгөөд үүнд 323 сая төгрөгийн татвар төлсөн байна. Үүнд хувь хүн байхгүй. Бүгд аж ахуйн нэгж байна" гэх мэдээллийг өгсөн юм.  

Үргэлжлэл бий ...