"Аса" циркийн барилга ирэх сарын 18-нд ашиглалтад орж, томоохон хэмжээний нээлт хийнэ гэв

"Аса" циркийн барилга ирэх сарын 18-нд ашиглалтад орж, томоохон хэмжээний нээлт хийнэ гэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж "үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ашиглах болзолтойгоор" гэрээг Төрийн өмчийн хороотой 2008 онд хийж, Үндэсний циркийг хувьчлан авч, “АСА” цирк болгон өөрчилсөн байдаг.

Гэтэл хувьчлан авснаасаа хойш циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, ресторан, паб, авто угаалгын газар, арилжааны банк ажиллуулж байгаад 2020 онд хаасан юм. Ингэхдээ иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно гэж амлаж байв. Мөн Д.Дагвадоржийн ах, хотын дарга асан Д.Сумьяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "энэ оны тавдугаар сарын 1 /2024.05.01/-нд циркийн барилга ашиглалтанд орно" гэж мэдэгдэж байв. 

Харин энэ долоо хоног /2024.09.17/-т Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан "циркийн засвар удахгүй дуусах" талаар мэдээлсэн. Тэгвэл бид тус барилгын засвар дээр ажиллаж буй эх сурвалжаас энэ талаар тодруулахад, "Аравдугаар сарын 18-нд цирк нээлтээ хийнэ. Үүнээс өмнө засварын ажлыг бүрэн дуусгахаар багууд бүтэн 24 цагаар ажиллаж байна. Ямартай нь циркийн нээлтийг нүсэр хүлээн авалттай хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм билээ" гэсэн хариултыг бидэнд өглөө.