Госэйзан Б.Мөнх-Од сүмо бөхийн жонокүчи зиндаанд анх удаа түрүүллээ

Госэйзан Б.Мөнх-Од сүмо бөхийн жонокүчи зиндаанд анх удаа түрүүллээ

Мэргэжлийн сумогийн жонокүчи зиндаанд ганцаараа өвдөг шороодоогүй байсан Такэкүми дэвжээний монгол бөх Госэйзан Б.Мөнх-Од өнөөдөр өрсөлдөгчөө давснаар мэргэжлийн тэмцээнд анх удаа түрүүллээ.

Барилдааны дараа тэрбээр ярихдаа, “Өглөөнөөс эхлээд сандраад байтал ояката зүгээр өөрийнхөөрөө барилдвал чи давна гэж зөвлөсөн. Анх удаа долоо барилдсан болохоор бага зэрэг биеэ барьж байлаа. Түрүүлсэндээ их баяртай байна. Багшдаа цолтой бөх болтлоо Монголд харихгүй гэж амалсан. Хүч чадалтай болсон хойноо гэрийнхэнтэйгээ уулзана. Харүмафүжи аварга шиг бөх болохыг хүсдэг” гэжээ. Сонирхуулахад, өдгөө 19 настай Госэйзан Б.Мөнх-Од Улаанбаатар хотын уугуул бөгөөд 184 см өндөр, 143 кг жинтэй аж. 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирж, Хоккайдо мужийн Сакаэ ахлах сургуульд элссэн. Энд Бүх Японы ахлах сургуулийн тэмцээний багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн байна.