УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 68 суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, 42 суудалтай АН, найман гишүүнтэй болсон ХҮН намтай нийлж, “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулсан.
-САЙДЫН ЭРҮҮЛ МЭНД МУУДСАН Ч ТҮҮНИЙГ ОРЛОХ ДЭД САЙД АЛГА-
Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Батлан хамгаалах яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны сайд нараа өөрийн МАН-аас томилсон. Харин Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Барилга хот байгуулалтын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдуудыг АН-ын гишүүдээс томилж, Боловсролын яамыг ХҮН намд атгуулсан. Ингээд 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлсон. Үүнийгээ тэрбээр, “яамдын тоог нэмээгүйгээс гадна дэд сайдгүй ажиллахаар болсон” гэж онцолж байв.
Л.Оюун-Эрдэнэ энэхүү шийдвэрээ МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралдаа танилцуулаад Засгийн газрын гишүүдээ өөрөө томилсон. Учир нь Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын сайд нар бүгд “давхар дээлтэй” УИХ-ын гишүүдээс томилогдсон нь тэрбээр “парламентад саналын эрхтэй хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ” гэх шаардлага тавьж АН болон ХҮН намын удирдлагуудад тавьсан гэдэг. Энэ бол түүний Засгийн газраа тогтвортой байлгах гэсэн бодлого.
Тухайлбал, хамтарсан Засгийн газрын гишүүнээр АН-аас томилогдсон Л.Гантөмөр, Ц.Баатархүү тэргүүтэй найман хүн УИХ дахь АН-ээс тус бүр 4-5 гишүүнийг хариуцаж засгийн бодлогыг дэмжүүлэх, эсрэг үг хэлүүлэхгүй байх тал дээр ажилладаг гэх мэдээлэл ч бий. Учир нь Үндсэн хуулийн 43.1-д “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заажээ.
УИХ-ын багадаа 32 гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг тавибал тус саналыг гурав хоногт парламентаар хэлэлцэх Үндсэн хуулийн заалттай.
Хамтарсан Засгийн газар бүрдсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон. Товчхондоо, Засгийн газрын гишүүний бие өвдсөн ч түүнийг орлох дэд сайдгүй, томилгоо хийх эрхгүйгээр тэд ажлаа эхлүүлсэн. Учир нь Засгийн газрын тухай хуулийн 18.1.4-д, “Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэж заажээ. Товчхондоо, Засгийн газрын гишүүний эзгүйд түүнийг дэд сайд орлоно хэмээн хуульд заасан.
Хамтарсан Засгийн газар эрхэлсэн сайдтай байх нь зөв үү?
Нийт: 0 саналтай
-ДЭД САЙДЫН АЛБАН ТУШААЛЫГ ОРЛОГЧ, АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДААР СОЛИХ УУ-
Тэгвэл АН-аас дэд сайд нарын албан тушаалыг цомхотгохгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүссэн тул “Яамдыг дэд сайдтай байлгах эсэх” яриа тохироо явагдаж эхэлсэн байдаг. Харин хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг “Дэд сайдгүй” байхаар танилцуулсан тул өдгөө энэхүү албан тушаалыг “Орлогч сайд” эсвэл “Асуудал эрхэлсэн сайд” хэмээн өөрчлөх хувилбар яригдаж, ирэх аравдугаар сар /2024.10/-д болох Орон нутгийн сонгуулийн дараа томилгоог хийхээр тохирчээ.
Улмаар эрхэлсэн сайдууд нь Засгийн газрын гишүүдийн салбарын чиглэл хариуцсан байхаар ч яригдаж мөн төсвийн эрх мэдэлтэй байлгаж болох эсэхийг ч хөндөж байгаа аж. Тухайлбал, Боловсролын сайд П.Наранбаяр нэг орлогч сайдтай байх бол Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Иргэний нисэх хариуцсан орлогч сайд, Зам тээвэр хариуцсан орлогч сайд гээд чиглэл тус бүрийг эрхэлсэн сайдтай байх хувилбарыг ярьж байгаа аж.
Энэ хувилбараар явсан тохиолдолд Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай байх бөгөөд тус албан тушаалтнуудын 50 хувийг УИХ-ын гишүүдээс 50 хувийг гаднаас томилохоор яригдаж байгаа бөгөөд энэ нь Үндсэн хуулийг зөрчих, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч дэмжихгүй байж магадгүй байгаа аж.
Учир нь тэрбээр, “УИХ-ын гишүүдээс орлогч сайд нарыг томилох нь парламентын хяналтыг сулруулах талтай” хэмээн үзэж байх талтай. Нөгөө талаар Үндсэн хуулийн 29.1-д “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 39.4-д “… Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Харин “Эрхэлсэн сайд”-ыг Засгийн газрын гишүүн гэж үзэхгүй бөгөөд тус албан тушаалд томилогдох эрхэм УИХ-д тангарагч өргөх хуулийн ямар ч боломжгүй. Иймд орлогч сайдын албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж болзошгүй байгаа юм.
-АН-ААС “ДАН ДЭЭЛТЭЙ” ХҮМҮҮС, МАН-ААС “ДАВХАР ДЭЭЛТЭЙ” ХҮМҮҮС ОРЛОГЧ САЙДЫН АЛБАН ТУШААЛД ЯРИГДАЖ БАЙНА УУ-
Үүний өмнө “Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдээс томилж, тус албан тушаалтан нь Засгийн газрын сайд нарыг эзгүйд нь орлох гэнэ” гэх мэдээлэл ч зарим хэвлэлд явсан. Энэ тохиолдолд Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийг ч зөрчих тул ямар ч боломжгүй гэдгийг судлаачид тодотгож байсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа МАН болоод АН-ын гишүүд улс төрийн албан тушаал хийгээд төрийн өмчит компанид томилогдъё гэсэн өргөдлөө намынхаа удирдлагууд уламжилсан байна. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ширээ дээр “ажилд оръё” гэсэн 200 орчим гишүүдээс нь анкет ирсэн гэдэг нь ч оргүй зүйл биш аж.
Харин хамтарсан Засгийн газарт “Асуудал эрхэлсэн сайд”-ын албан тушаал гарсан тохиолдолд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр орлогч сайдаар Д.Бадарсан, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн орлогч сайдаар Ц.Жадамбаа, Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурийн орлогч сайдаар Т.Пүрэвхатан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны орлогчоор И.Мөнхжаргал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Одонтуяагийн орлогч сайдаар П.Галиндэв, Хууль зүй, дотоод хэргийн О.Алтангэрэлийн орлогч сайдаар Ч.Өнөрбаяр нарын нэр яригдаж байгаа аж.
Гэхдээ цаг нь болохоор Л.Оюун-Эрдэнийн өрөө рүү орох гээд явах замдаа ч эдгээр нэрс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Нөгөө нь АН-ын сайдтай яаманд МАН-ын гишүүдээс орлогч сайдыг томилсон тохиолдол одоо яригдаж буй нэрс өөрчлөгдөнө.
Тэгвэл МАН-аас орлогч буюу эрхэлсэн сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Ундрам, Г.Дамдинням нарын нэрс яригдаж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдсон Т.Аубакирт тус санал ирсэн гэх бөгөөд тэрбээр “татгалзсан” гэх мэдээлэл байна. Хэрэв орлогч буюу эрхэлсэн сайдууд УИХ-ын гишүүдээс томилогдсон тохиолдолд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж болзошгүй байгаа. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара онлайн худалдаа хийсэн нь олон иргэдийн шүүмжлэлтэй тулгарч, түүнийг Үндсэн хууль зөрчиж байгаа тул эргүүлэн татахыг зарим иргэд шаардаж эхэлсэн.