ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ: Архичин ахыгаа хөөгөөд явуулахыг зүрхлэхгүй байгаа ч ээжийг минь зодоод алахвий гэхээс айж байна

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ: Архичин ахыгаа хөөгөөд явуулахыг зүрхлэхгүй байгаа ч ээжийг минь зодоод алахвий гэхээс айж байна

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчилж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс гэмт хэрэг дахин үйлдэгдэх, хохирогчийг улам ихээр хохироох тохиолдол гарсаар байгааг иргэд хэлж, гомдолсоор байна. 

Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г.Энхбаатар гэгч нь архины хамаарлын улмаас төрсөн ээжийгээ зодож, дүүгийнхээ бага насны хоёр охиныг байнга хүчирхийлж, дарамталдаг ч хуулийн байгууллагаас түүнийг баривчилж, хорихгүй байгаагаас ээжийнхээ амь насанд хүрэх эрсдэл үүсээд байгаа талаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, Г.Энхбаатарын төрсөн дүү Г.Э нь манай сайтад хандаж, уг асуудлыг хөндөж өгөхийг хүссэн юм. 

ВИДЕО: 

Тэрбээр "Ах маань олон жил архи ууж байгаа. Уг нь эхнэр, хүүхэдтэй элэг бүтэн амьдралтай байсан. Гэсэн ч архины хамааралтай болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсноор эхнэр, хүүхэд нь хаяад явсан. Үүний дараа ах маань гэр орноо зарж архи уугаад улмаар манайд амьдрах болсон юм. Би хөгшин настай ээж, хоёр охинтойгоо амьдардаг. Амьдралын шаардлагаар хөдөө, гадаа явж ажил хийдэг. Ах маань байнга архи ууж, ээжийг зодож, агсам тавьж, бага насны охидыг минь загнаж, элдвээр харааж зүхэх байдлаар үргэлж хүчирхийлэл үйлддэг. 

Энэ байдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авхуулдаг ч шүүхээс баривчлах хурлыг хийхгүй удах, баривчлахаас татгалзах, хурлыг удаа дараа хойшлуулах тохиолдол маш их гардаг. Энэ нь эргээд хүчирхийллийн хохирогч болж буй бидэнд улам их дарамт, зовлон болдог. Миний хувьд эрэгтэй хүн учраас гэртээ байх үедээ арай ч ээжийгээ зодуулаад байдаггүй. Харин намайг ажилдаа явсан үед бол байнга. Гэтэл бидэн шиг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүмүүст шүүхийн энэ байдал ямар хүнд тусах билээ. Тиймээс энэ байдлыг засаж, архины хамааралтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг яаралтай баривчлах тал дээр анхаарал хандуулж ажиллаж өгөөсэй гэж хүсэж та бүхэнд хандаж байна" хэмээн өөрт тохиолдож буй зовлонгоо хуучилсан юм. 

-ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХҮҮД ЗӨРЧЛИЙН ХЭРГЭЭР БАРИВЧЛАХ ШҮҮХ ХУРЛЫГ ДОЛОО ХОНОГТ 2-3 УДАА ЯВУУЛДАГ НЬ ХҮНДРЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА-

НҮБ-ын байгууллагын дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, гаргасан дүгнэлтдээ сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ мэтгэлцээнгүй явагдаж байгаа талаар дурдсан байдаг байна.

Энэ ч утгаараа мэргэжлийн байгууллагууд бүх төрлийн гэмт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорихоос татгалзах хэрэгтэй хэмээж буй. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд зөрчлийн хэргээр баривчлах шүүх хурлыг долоо хоногт 1-2 удаа хийж, ихэнх тохиолдолд сэжигтнийг цагдан хорих баривчлахаас татгалзах шийдвэрийг гаргадаг байна. Энэ нь хохирогчид дахин хохирох, гэмт хэрэг зөрчил үйлдэх бас нэгэн шалтгаан болдог аж. 

Тэгвэл хуулийн байгууллагаас ямар шалтгааны улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчил гаргасан этгээдүүдийг яаралтай баривчлах арга хэмжээ авдаггүй талаар тодрууллаа. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Д.Оюун

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Д.Оюун "Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн даруйд газар дээр очиж, бүртгэлжүүлэн зөрчлийн шинжээс нь хамаарч баривчлах саналыг прокурорт хүргүүлж, улмаар шүүх тухайн хүнийг баривчлах эсэхийг шийддэг. Цагдаагийн байгууллага тухайн зөрчил гаргасан этгээдийг шууд баривчлах шийдвэр гаргадаггүй" гэх хариултыг өгсөн юм. 

Харин шүүхийн байгууллагын эх сурвалжаас яагаад зөрчлийн хэргийн баривчлах шүүх хурлыг тодорхой өдрүүдэд хийдэг талаар лавлахад "Шүүхийн байруудын хүрэлцээ муугаас зөрчлийн хэргийн баривчлах хурлыг тодорхой өдрүүдэд хийдэг нь үнэн. Энэ нь байрны хүрэлцээ, шүүгч нарын ачаалал зэрэгтэй холбоотой. Удахгүй энэ чиглэлийн тусдаа шүүх байгуулагдана. Тэгэхээр ийм асуудал гарахгүй" гэлээ.

Ямартай ч одоогийн хэрэгжиж байгаа хууль, шүүхийн байрны хүрэлцээгүй, шүүгч нарын ачаалал зэргээс шалтгаалан хохирогч иргэд дахин хохирсоор байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн хэргийн шүүхийг яаралтай байгуулж, эл асуудлын улмаас иргэд хохирдог байдлыг таслан зогсоож өгөхийг хүчирхийллийн хохирогчид хүсэж байна.