ШУУРХАЙ: "Допинг илэрсэн тамирчныг Парис руу авч явсан нь хариуцлага тооцох үндэслэл" гэж Допингийн эсрэг байгууллагаас мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Допинг илэрсэн тамирчныг Парис руу авч явсан нь хариуцлага тооцох үндэслэл" гэж Допингийн эсрэг байгууллагаас мэдэгдлээ

"Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд зодоглох байсан Б.Баттөгсөөс допинг илэрсэн тул түүнийг паралимпын наадамд барилдуулаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, "Парис 2024" паралимпын наадмын -90 кг-ын жинд цагаан хуудсаар зодоглох байсан Б.Баттөгсөөс Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр допингийн шинжилгээ авсан байна. Тус шинжилгээгээр Б.Баттөгсөөс допинг илэрсэн тул тухайн тамирчин болон дасгалжуулагч нарт нь энэ талаар МҮДЭБ-аас мэдэгдэж, тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж. 

Гэсэн ч Монголын Жүдо бөхийн холбоо тухайн допинг илэрсэн тамирчныг Парис руу авч яваад зогсохгүй, олимпын хотхонд бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байжээ. Энэ нь Монгол Улсын бүх тамирчдыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 

Тэгвэл Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас, "Допингийн шинжилгээний хариу гарахад Паралимпын тамирчин Б.Баттөгсөөс 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр авсан шинжилгээний сорьцоос ДДЭА-ын Хориглосон жагсаалтын S1.1 бүлэгт хамаарах Дростанолоны задралын бүтээгдэхүүн илэрсэн байна. Үүнийг бид 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тамирчин түүний дасгалжуулагч нарт бичгээр мэдэгдсэн.

Олон Улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтын хүрээнд допингийн шинжилгээгээр нэгэнт зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчныг спортын аливаа уралдаан тэмцээнд оролцохыг хориглодог.

Гэсэн хэдий ч тамирчны ахлах дасгалжуулагч, бэлтгэл хангагч нар нэгэнт допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчныг Парис хот руу авч яван, тамирчдын хотхонд оруулж бэлтгэл сургуулилт оролцуулсан үйлдэл гаргасан байна. Энэ үйлдэл нь сануулж анхааруулсаар байхад санаатай үйлдэгдсэн допингийн зөрчилд тооцогдох эрсдэлтэй төдийгүй Монголын пара жүдо бөхийн спортын холбоонд хариуцлага тооцох үндэслэл болдог. Дүрмийн зөрчил гаргасан тамирчин, албан тушаалтнуудын үйлдлийг шалгаж, нотлогдсон тохиолдолд Олон Улсын стандартын дагуу хариуцлага хүлээлгэх юм" гэж мэдэгдэлдээ дурджээ. 

МҮДЭБ-ийн мэдэгдэл.