А.Сувдаа: Нислэгийн үеэр зүрх нь зогссон иргэний амийг аврахад гадаад эмч нар Монгол эмчийн ур чадварыг биширч, гайхаж байсан /ВИДЕО/

А.Сувдаа: Нислэгийн үеэр зүрх нь зогссон иргэний амийг аврахад гадаад эмч нар Монгол эмчийн ур чадварыг биширч, гайхаж байсан /ВИДЕО/

Монгол Улсын иргэд онгоцонд зорчиж явахдаа бусдын амь насыг аварсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, Тайланд-Хонконгийн чиглэлд нисч явсан онгоцыг барьцаалж, унагах оролдлого хийх үед уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх гэх Монгол залуу зорчигчдын амь насыг аварч байв. Мөн АНУ-Холбооны Бүгд Найрамдах Нигери чиглэлийн онгоцонд явсан С. Цэрмаа гэх Монгол бүсгүй хүний амь аварч байлаа.

Тэгвэл саяхан үүнтэй төстэй нэгэн үйл явдал болсон нь онгоцонд зорчиж явсан гадаад иргэний бие муудахад А.Сувдаа гэх монгол эмч амийг нь аварч, Монголчуудын бахархлыг төрүүллээ. Иймд бид гадаад иргэний амийг аварсан гэх Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, Гэмтэл согог болон түлэнхийн нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн хүний их эмч А.Сувдаатай ярилцлаа.

ВИДЕО:

Түүний хувьд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр 2012 онд төгсөн бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас ажлын гараагаа эхэлжээ. “Замын-Үүдэд хөдөлгөөн ихтэй учраас гадаадаас ирсэн Монголчууд болон монголоос гадагшаа явж байгаад осолдсон олон янзын өвчтөнийг эмчлэх гээд зөвхөн гэмтлийн эмч гэлтгүй маш олон талын мэдлэг туршлагыг хуримтлуулсан гэж боддог. Энэ туршлага маань их хэрэг боллоо. Мөн гадаад иргэний амь насыг аврахад зорчигчид болон гадаад эмч нар, онгоцны ажилтнууд үнэхээр их гайхаж, Монгол эмчийн ур чадварыг биширч байсан” хэмээн бидэнд ярьсан юм.

-"ОЛОН ГАДААД ЭМЧ БАЙСАН Ч НЭГ НЬ Ч ӨВЧТӨНД ОЙРТОЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН"- 

-Тухайн нислэгийн үед болсон процессоос яриагаа эхэлье гэж бодож байна. Хаанаас хаашаа чиглэсэн хэдэн цагийн нислэг байсан бэ. Мөн тухайн гадаад иргэний биеийн байдал хүнд байгаа талаар онгоцонд хэрхэн мэдээлж байв?

-Истанбул-Улаанбаатар чиглэлийн найм орчим цагийн нислэг байсан. Нислэгийн үеэр хүмүүс сандралдаад “онгоцонд эмч байна уу” гээд дахин дахин зарлаад байсан. Тухайн үед манай багийг маань ахалж явсан н.Пүрэвжав багш маань, “Манай багт эмч байгаа. Монгол багт эмч яваа” гээд гутлаа ч өмсөхгүй хөл нүцгэн над руу гүйж ирээд хэлсэн. Тухайн онгоцонд гадаадын олон эмч байсан хэдий ч нэг нь ч тухайн өвчтөнд хүрч чадахгүй байсан.

Тухайн өвчтөний зүрх судасны үйл ажиллагаа нь зогссон, хамраараа юм мөргөөд ухаан алдсан байдалтай байсан. Би ч бас очихгүй байх боломж байсан ч өөрийгөө ч анзаараагүй яваад л оччихсон байсан.

-Таныг очиход өвчтөн ямар байдалтай байсан бэ?

-Тухайн өвчтөний зүрхний цохилт цөөрсөн байсан. Биеийн хамгийн бага даралт 90х60 байх ёстой байтал тухайн хүний даралт 50х30-тай, зүрхний цохилт 41 болсон байсан. Уг нь хүний зүрх багадаа минутанд 60-80 удаа цохилох ёстой байтал хэвийнээс хэд дахин цөөрөөд юм ярьж чадахгүй, хөдлгөөнгүй, орчны харьцаагаа алдсан байсан.

ухайн өвчтөнд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авсан бэ?

-Захын цусан хангамжийг сайжруулж, зүрх судасны ажиллагааг дэмжихгүй л бол зүрхний үйл ажиллагаа зогссон байсан. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулахын тулд тэр агаарын өндөр даралтанд яаж хэвийн болгох тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй болсон. Ингээд аль болох богино хугацаанд аль үйлдэл нь тэр хүнийг аварч чадах вэ гэдэг дээр зөв сонголт хийсэн гэж бодож байна. Миний хувьд гэмтлийн эмч байсан учраас давуу тал болсон байж магадгүй.

-"АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСНИЙ ДАРАА ӨВЧТӨН УХААН ОРЖ, ОНГОЦНООС ЭСЭН МЭНД БУУСАН"-

-Тухайн үед гадаад эмч нар байсан хэдий ч өвчтөнд хүрч чадахгүй байсан гэсэн шүү дээ. Таны хувьд ямар нэгэн эрсдлээс айгаагүй юу?

-Тухайн өвчтөний биед хүрч болохгүй гэсэн бодол надад огт байгаагүй. Энэ хүнд л туслахгүй бол үхэх юм байна гэж бодоод л гүйгээд очсон.

Цаг гаруй тухайн хүнд эмчилгээ хийсний дараа сэргэж босоод, буцаад суудалдаа суусан. Ингээд тухайн иргэн эсэн мэнд онгоцноос буусан даа.

-Гадаад эмч нарын ойртож ч чадахгүй байсан өвчтөнийг Монгол эмч эмчлээд эсэн мэнд босгоод ирэхэд их гайхаж хүлээж авсан байх. Тийм үү?

-Тухайн үед онгоцны зорчигчид болон ажилчид их гайхсан. Тухайн гадаад иргэн хоёр удаа ухаан алдаад уначихсан байсан учраас онгоцны ажилчид, “нэг бурхан болчихсон хүн тээвэрлээд буух нь” гэсэн л айдастай байсан юм билээ. Тэгээд зүгээр болсон байгааг нь хараад бүх хүмүүс надад хандаж баяр хүргэсэн. Бас их гайхсан. Түүнийхээ хэрээр маш их хүндэтгэсэн. “Чи хаанаас ирсэн эмч вэ” гэж асуухад “Монгол” гэхэд л маш их хүндэтгэлтэй хүлээж авч байсан даа.

-Харин танд ямар санагдсан бэ?

-Тухайн хүн босоод хоёр нүд нь гэрэлтээд, инээмсэглээд, “баярлалаа” гээд миний хоёр гарыг атгаад талархахыг харахад үнэхээр сайхан байсан.

-Таны амийг нь аварсан иргэн аль улсын иргэн байсан бэ?

-Франц Улсын иргэн гэж сонссон. Гэхдээ тухайн хүн ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн байсныг асуух завдал болоогүй. Тэр нь тийм чухал ч байгаагүй. Тэр хүний алтан амь л чухал байсан.

Монгол Улсаар аялж, сайхан дурсамж бүтээгээд буцах гэж ирээд амь насаа алдана гэдэг бол хэний ч хувьд үнэхээр харамсалтай хэрэг. Тийм ч учраас тэр хүнийг ямар ч байсан амьд л үлдээх хэрэгтэй гээд их хичээсэн.

-"МОНГОЛ ЭМЧ НАР ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ХОМСДОЛТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ НЬ ҮНЭН-

-Цуг явсан хүмүүс нь таныг ямар нэгэн хэрэгт орчих вий гэж айж байсан болов уу?

-Багийнхан болон багшдаа маш их баярлаж байгаа. Дараа нь онгоцноос буухдаа манай багш, “Би хүний амь гээд улайраад гүйсэн хэрнээ чамайг хэрэгт оруулчих вий гэж бодсон. Гэхдээ л манай А.Сувдаа амийг нь аварна гэдэгт итгэлтэй байсан. Цаг гаруй чи тэр хүний амь насыг аврах гэж хичээлээ. Эргээд тэр хүн инээмсэглээд эрүүл саруул сууж байхыг хараад бид үнэхээр их баярлаж, Монголоороо болон чамаар бахархлаа. Баярлалаа” гэж хэлсэн.

аны хувьд тухайн онгоцонд ямар ажлаар зорчиж байв?

-Миний хувьд Финляндаас Истанбул ороод Истанбулаас Улаанбаатар чиглэсэн олон цагийн үргэлжилсэн нислэгээр явж байсан. Явсан багийнхан маань ч үүнийг их бэлгэшээж хүлээн авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн” төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Эрүүл монгол хүн эрүүл монгол хүүхдээс эхтэй. Эрүүл монгол хүүхэд эрүүл хоол хүнснээс эхтэй. Тодруулбал хүүхдийн өдрийн цай буюу сургууль дээр идэж буй хоол нь шим тэжээлтэй байх ёстой. Харин үүнийг хамгийн сайн баримталж, манлайлж ажилладаг улс орон буюу Финлянд улсад очиж, танилцахаар явж байсан.

-Монголд эмнэлгүүд гаднын эмнэлгийг бодвол тоног төхөөрөмж дутмаг байдаг шүү дээ. Харин эмч нар маань анхан шатны тусламж үзүүлэх ур чадвар их сайтай байдаг юм байна гэж ойлголоо?

-Ер нь манай Монгол эмч нар бусад гадаадын эмч нарыг бодвол өвөрмөц нөхцөлд ажилладаг. Нэгдүгээрт, ажлын нөхцөл, орчин дутмаг.

Хоёрдугаарт оношлох багаж, тоног төхөөрөмж хомс байдаг учраас ихэнх зүйлийг өөрийн туршлага болон мэдлэг дээр үндэслэж, их зардалтай эмчилгээ оношилгоо багатайгаар эхний ээлжинд оношын баримжааг маш зөв, богино хугацаанд гаргаж чаддаг юм болов уу гэж анзаарсан.

-Олон цагийн нислэгээр явах иргэдэд та юу гэж зөвлөх вэ?

-Олон цагийн нислэгээр явж байгаа хүн ажил болон бие махбодын хувьд тухайн агаарын ачааллаас үүдэж гэнэт үүсэж болох нөхцөл байдлыг сайтар тооцоолсон байх ёстой юм болов уу гэж бодсон. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс, тогтмол эм тариа уудаг хүмүүс, тогтмол зүрх судасны үйл ажиллагаагаа хянадаг хүмүүс багаж, тоног төхөөрөмжөө биедээ авч явж байхыг зөвлөмөөр байна. Учир нь миний тусламж үзүүлсэн тухайн иргэн гэнэт сэдэрдэг архаг хууч өвчтэй хүн байсан. Онгоцонд зорчиж явахад ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эмч байдаггүй юм билээ. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зорчиж яваа эмчээс л тусламж хүснэ. Тэр тохиолдолд тухайн эмч таны биеийг эмчлээд, таны өмнөөс хариуцлага хүлээгээд амь насыг тань хамгаалахын төлөө хичээх эсэх нь тодорхойгүй учраас та өөртөө л анхааралтай байж, олон цагийн нислэгт явах гэж байгаа тохиолдолд уудаг эм тариагаа биедээ ойр авч явахыг зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.