А.Отгонбаатар "АНУ-ын Конгрессын гишүүний биед халдсан" бол нэгдүгээр зэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, мөн "Парламентыг сулрууллаа" хэмээн шийтгүүлэх байв

А.Отгонбаатар "АНУ-ын Конгрессын гишүүний биед халдсан" бол нэгдүгээр зэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, мөн "Парламентыг сулрууллаа" хэмээн шийтгүүлэх байв

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарын Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын биед халдсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр /2024.06.15/ П.Наранбаяр сайдыг мэдээлэл хийх үеэр А.Отгонбаатар хүзүү орчимд нь өндөг шидэж улмаар ойр орчмын хүмүүстэй нь зодоон үүсгэсэн байдаг.

-ҮНДСЭН ХУУЛИНД УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ ХУУЛИАР ХАМГААЛНА ГЭСЭН Ч ӨӨР БУСАД ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛААГҮЙ БАЙНА-

А.Отгонбаатарын энэ үйлдлийг олон нийтийн зүгээс ёс зүйгүй  хэмээн шүүмжилж буй бол цагдаагийн байгууллагаас түүнийг Зөрчлийн тухай хуулийн  5.3 дугаар зүйлийн Хүний биед халдах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй юм. Гэхдээ П.Наранбаяр нь энгийн иргэн бус УИХ, Засгийн газрын гишүүний ажлыг хийж буй төрийн албан тушаалтан. Тэгэхээр энэ тохиолдолд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиас өөр ямар хууль үйлчлэх вэ.

Тэгвэл Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална. Мөн хуулийн 42 дугаар зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заажээ.

Гэхдээ Үндсэн хуулийн эдгээр заалтыг Эрүүгийн зэрэг бусад хуулиар хамгаалж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн тунхаг төдий энэ заалтаас бусдаар төрийн өндөр албан тушаалтанг хамгаалсан тодорхой зохицуулсан хуульгүй бөгөөд дээрх заалтыг бусад хуулиар баталгаажуулж өгөөгүй гэсэн үг.

Хэрвээ А.Отгонбаатар нь АНУ-д Конгрессын гишүүн рүү халдсан бол тус улс түүний үйлдлийг нэгдүгээр зэргийн террорист үйл ажиллагаа хэмээн үзэж холбогдох хуулиар шийтгэнэ. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман улсад Бундестагийн гишүүний хууль санаачлах, хэлэлцэх батлах үйл ажиллагаанд саад учруулбал мөн Эрүүгийн хуулиар шийтгэдэг зохицуулалттай аж.

Харин манай улсад "Үндсэн хуулиар хамгаална" гэснээс бусдаар яаж хамгаалах, биед нь халдсан тохиолдолд өөр бусад ямар хуулиар хариуцлага хүлээлгэх зэрэг нь тодорхойгүй байгаа нь энэ жишээнээс тодорхой боллоо.

-А.ОТГОНБААТАРЫН ЭНЭХҮҮ ҮЙЛДЭЛ НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ СУРЛУУЛЖ БУЙ ХЭЛБЭР ЮМ-

Гэхдээ А.Отгонбаатарын энэ үйлдэл нь парламентын засаглалыг сулруулж буй хэлбэр гэдгийг хуульчид онцолж байна. Учир нь манай улсад парламентын засаглалын нэр хүнд жилээс жилд унаж, иргэдийн дунд “126 хулгайч, үхвэл таарна” гэх мэтээр харааж байгаа. “Төрийн ордонд ямар хүмүүс ажилладаг вэ” гэх сэтгүүлчийн асуултад зарим багачууд “76 хулгайч” гэж хариулсан нь ч бий. Гэхдээ бидний үргэлж нэр хүндийг нь өндөрт өргөж, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлж, дэмжих ёстой субьект бол парламент цаашлаад парламентын засаглал, ардчилал, хүний эрх, эрх  чөлөө юм.

Өөр тогтолцоо, засаглалтай хоёр том гүрний дунд оршдог Монгол шиг Улсад хамгийн тохирох, хараат бус байх бусад оронтой эв найрамдалтай харилцах гол тулгуур, үнэт зүйл нь ардчилал, парламентын засаглал бөгөөд бүгдээрээ хэлэлцэж шийдвэр гаргадаг энэ засаглалыг бид өнгөлж зүлгэж явах ёстой.

Тэгэхээр парламентын засаглалыг сулруулах энэ мэт үйлдэлд тодорхой цензуртай, шүүмжлэлтэй хандах ёстой гэдгийг мэргэжлийнхэн онцолж байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар А.Отгонбаатар нь Зөрчлийн хуулиар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж магадгүй бөгөөд П.Наранбаяр сайдын биед хөнгөн гэмтэл учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэх зохицуулалттай байна.

Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч А.Отгонбаатарын үйлдэл нь дүрс бичлэгт тод бичигдсэн баримттай тул цагдаагийн байгууллагаас бүртгэж ийнхүү шалгаж байгаа аж.