"Хүүхэд савж унагасан" гэх Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг зургаан сараар хаслаа

"Хүүхэд савж унагасан" гэх Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг зургаан сараар хаслаа

Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Т.Бэгзсүрэн учраа таарсан хүнээ савж унагаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байсан. 

Уг үйлдлийг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн есдүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцжээ. Улмаар Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан гэж үзэн 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон байна.

Сануулахад, Тэрбээр өмнө нь допингийн хэрэгт холбогдож байсан бөгөөд дөрвөн жил барилдах эрхээ хасуулаад байсан ч өнгөрсөн тавдугаар сард түүний барилдах эрхийг буцаан сэргээсэн юм.