Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт өнөөдөр /2024.09.10/ 07:30 цагт эх орондоо ирлээ.
Тэрбээр энэ үеэр " Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол Улсын үндэсний шигшээ баг, түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Дотоод хэргийн их сургуульдаа паралимпоор мөнгөн медаль авчирч бэлэг барилаа. Энэ медалийг хүртээд хамгийн эхлээд ээжтэйгээ холбогдож баярын сэтгэгдлээ хуваалцсан. Аав маань бурхан болсон. Миний хувьд хичээлээ, чадлаараа л үзлээ. Мэдээж тэмцээнд оролцох гэж байгаа учраас түрүүлнэ л гэж очсон. Түрүүлсэн тамирчин бид хоёр урд, хойноо ороод чансаагаа тэргүүлж байдаг. Энэ удаа би хойно нь орлоо. Дараагийн олимпоор дахид үзнэ, байраа буцаагаад солихыг хичээнэ.
Би 2022 онд дэлхийн аваргаар энгийн төрөлд -260 кг шахаж байсан. Сая бэртэл маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнөөс физик эмчилгээ хийлгэж эхэлсэн байсан юм. Манай тамирчдын хувьд энэ олимпоос хамгийн олон медаль хүртсэн сайхан амжилтыг гаргалаа. Анхны алтан медалийг Бээжингийн олимпоос Д.Баатаржав ах маань хүртэж салхийг нь сайхан хагалсан болохоор өнөөдөр ийм үр дүн гарч байна. Ахаараа үргэлж бахархаж байдаг.
Миний хувьд Үндэсний шигшээ багийн түүхэн дэх паралимпын анхны гурван медальтан буюу иж бүрэн медальтан боллоо. Паралимпын тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчгүй явсан. Бидэнтэй ажиллах бүхий л зүйлийг зөвхөн дасгалжуулагчид маань хийдэг. Маргаашаас эхлэн дараагийн тэмцээнийхээ бэлтгэлд гарах болно" гэлээ.