Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч сард бэлтгэл хийж байхдаа өвдөгний бэртлээ сэдрээснээс гадна чихрийн шижин өвчний улмаас намрын башёг өнжүүлэх шийдвэрийг Исэгахама дэвжээнээс гаргалаа.
Их аварга Г.Ган-Эрдэнэ нь өнгөрсөн зуны башёд түрүүлснээр эзэн хааны цомыг арав дахь удаагаа аваад байсан. Харин энэ есдүгээр сарын башёд Монголоос оозэки Хоошёорюү, сэкивакэ Киришима, маэгашира Ошома, Тамаваши, Онокацү нар дээд зиндаанд барилдана. Мөн жүрёо зиндааг Чиёошима тэргүүлж, Тамашохо, Миторюү, Дайшохо барилдах бол өнгөрөгч башёд жонидан зиндаанд түрүүлсэн Сэйхакүхо Ө.Дэмиджамц санданмэ зиндаанд цол ахин барилдах гэж байна. Мөн макүшита зиндаанд Монголын найман бөх байгаа бол жонокүчи буюу доод зиндаанд 19 настай Госэйзан Б.Мөнх-Од анхны барилдаанаа хийх аж.