АСУУДЛЫН МӨРӨӨР: 1.1 их наядыг ашиггүй зарцуулсан гэх "Тавантолгой түлш" 4.8 тэрбумаар оффис барих тендерээ наадмын үеэр зарлаж, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулжээ

АСУУДЛЫН МӨРӨӨР: 1.1 их наядыг ашиггүй зарцуулсан гэх "Тавантолгой түлш" 4.8 тэрбумаар оффис барих тендерээ наадмын үеэр зарлаж, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулжээ

Шахмал түлшний хүхрийг бууруулна хэмээж байсан "Тавантолгой түлш"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил зогсож, 44.6 тэрбумын тоног төхөөрөмж, объект "хэрэггүй" болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн талаарх асуудал хөндөгдөж, тус компани нь 1.1 их наяд төгрөгийг зориулалтын бусаар ашигласан тул хууль хяналтын байгууллага уг асуудлыг шалгахаар болсон талаарх мэдээлэл ил болсон байдаг. Нөгөөтээгүүр, Улаанбаатарчуудын толгойны өвчин болсон утааны асуудал хэдхэн сарын дараа хөндөгдөнө. Гэтэл "Тавантолгой түлш" ХХК Улаанбаатарын утааг багасгах нь бүү хэл, утааны хүхрийн хэмжээг буруулахад зориулагдах хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгааг иргэд шүүмжилж байгаа юм.  

"Тавантолгой түлш" ХХК 4.8 тэрбумаар оффис барихаар долдугаар сарын 19-нд тендер зарлажээ

Тэгвэл "Тавантолгой" түлш ХХК нь энэ жил утааг бууруулахад бус харин оффисын барилга барихад 4.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Тодруулбал, тус компани нь иргэдийн амралт зугаалга, баяр наадмын үеийг тааруулж буюу өнгөрсөн долдугаар сард "Төвийн үйлдвэрийн B1 давхартай 4 давхар оффис, ахуйн байр, цайны газрын барилга барих" 4.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, хэдийнээ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулсан байх аж. Долдугаар сарын 19-ны өдөр зарлагдсан тус тендерт "Ингүүмэл үйлс" ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна. Хамгийн ноцтой нь тухайн оффисын санхүүжилт нь энэ жил 100 хувь олгогдохоор төсөв нь батлагджээ. 

Оффис барих тендерт "Ингүүмэл үйлс" ХХК шалгарч, гэрээ байгуулжээ

Сургууль, цэцэрлэгийн барилгын төсөв хэдэн жилээр дамнаж, олон жилийн хугацаанд баригддаг болсон энэ үед дөрвөн цэцэрлэг барих хөрөнгөөр үйлдвэрийн оффисын барилга барихаар болсон нь олон нийтэд төдийлөн тааламжтай санагдахгүй нь ойлгомжтой. Угтаа Улаанбаатарын утааг буруулж, хүхрийн хийг багасгахад анхаарсан бол ард түмэн алга таших байсан нь гарцаагүй. Монгол Улсын хүн амын тал орчим нь оршин суудаг нийслэл хотынхоо утааг бууруулах зорилготой байгуулагдсан "Тавантолгой түлш" ХХК нь улсын хөрөнгийг баруун солгогүй цацаж, үр дүн гаргахгүй байгаагийн нэг жишээ энэ болж байна. Тиймээс улсын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, үр дүн гаргахгүй байгаа үйлдвэрийн удирдлагуудад хариуцлага ярих, цаашлаад хууль хяналтын байгууллагууд ч эл асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага нэгэнт үүсжээ.