Увс аймгийн Баруунтуруун суманд мэргэжлийн сүмо бөхийн Маэгаширагийн нэгд эрэмлэгдэн Токүсэгава нэртэйгээр барилдаж байсан сүмоч, аймгийн арслан Бадамсамбуугийн Ганболдын нэрэмжит сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах “Алдартны гараа” тэмцээн есдүгээр сарын 14-15-нд болно.
Энэ тэмцээн 2022, 2023 онд болж байсан бөгөөд өмнөх тэмцээнүүдээс шалгарсан гурван хүүхдийг япон улсад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулжээ. Тэгвэл энэ жилийн тэмцээнээс шалгарсан 1-2 хүүхдийг японы “Asahigaoka” ахлах сургуульд суралцуулах юм байна. Б.Ганболд нь мэргэжлийн сүмод Кирияма дэвжээнд харьяалагдан 2010 оны гуравдугаар сараас макүчи зиндаанд дэвшиж, 2011 оны тавдугаар сард зодог тайлсан юм. 2012 оны Баян-Өлгий аймгийн баяр наадам түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.