Б.Халиун “U20” насны дэлхийн аваргын төлөө барилдахаар боллоо

Б.Халиун “U20” насны дэлхийн аваргын төлөө барилдахаар боллоо

“ПОНТЕВЕДРА-2024” бөхийн төрлүүдийн “U20” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн билээ. Энэ удаагийн ДАШТ-д 700 орчим тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55 кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна. Тэрбээр эхний тойрогт Канадын тамирчныг 11:0-ээр, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6:2-оор, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1:1-ийн харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд зургаан цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 цагт буюу Улаанбаатарын цагаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.