“Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрлийн тэмцээн үргэлжилсээр байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн таеквондогийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав тулалдаж алтан медаль хүртсэн бол өнгөрөгч шөнө /2024.08.30-31/ болсон эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг-д хүч сорьсон дэлхийн хошой аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.
Тэгвэл "Парис 2024" паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ. Тэрбээр, "Парисын тэнгэрт алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, паралимпын эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг жинд анхны МӨНГӨН МЕДАЛЬ хүртэн эх орон ард түмнээ баярлуулсан Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монголын Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагчид нийт хамт олонд дахин талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсье" гэжээ.