“Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээх ххолливүүдийн жүжигчин Марк Декаскос: Энэ жүжгээс айн сүрдэж байгаа ч, монгол жүжигчдээс маш сайн суралцаж дүрээ бүтээнэ

“Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээх ххолливүүдийн жүжигчин Марк Декаскос: Энэ жүжгээс айн сүрдэж байгаа ч, монгол жүжигчдээс маш сайн суралцаж дүрээ бүтээнэ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйнд байдаг "West End" театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 15 өдрийн турш тоглож, гадаадын 42 мянга гаруй үзэгчдийн хүртээл болж, дэлхийд гарч чадсан.

“Монгол хаан” жүжиг тун удахгүй Азид албан ёсоор хөшгөө нээж, Сингапурт тоглогдох гэж байна. Мөн цаашлаад Ази, Европ, Австрали тивүүдээр аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа талаар “Монгол хаан” жүжгийн продюсер А.Баярцэцэг бидэнд ярьсан юм.

ВИДЕО:

Мөн Сингапурт тоглогдох “Монгол хаан” жүжигт тус жүжгийн үндсэн жүжигчид тоглох бол хоёр дахь хувилбарт нь холливүүдийн жүжигчид тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, “Hawai Five-0" , "John Wick" зэрэг киногоороо дэлхийн үзэгчдэд танигдсан, Филлипин гаралтай холливүүдийн жүжигчин Марк Дэкаскос, "Марко Поло", "Алита" зэрэг киногоор нь бидний сайн мэдэх Солонгос гаралтай холливүүдийн жүжигчин Леонард Вү, “Мулан”, “Golden Boy” зэрэг киногоор гадаад үзэгчдийн сайн мэдэх Хонг Конг гаралтай холливүүдийн жүжигчин Рон Юан нар “Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээхээр болсон байна. Тэгвэл бид энэ удаа “Монгол хаан” жүжгийн Эгэрэг түшмэлийн дүрд тоглохоор болсон холливүүдийн алдарт жүжигчин Марк Декаскостой ярилцлаа.

-Монголд хэзээ ирсэн бэ? Анх ирсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Өчигдөр өдөр монголд буусан. Үнэхээр сэтгэгдэл өндөр байна. Монгол орныг би Чингис хаанаар нь маш сайн мэднэ. Сая л гэхэд олимпын нээлтэн дээр Монголчууд үнэхээр гайхалтай хувцас өмссөн байсан. Харин энд ирснийхээ дараа Монголын тухай илүү ихийг мэдэхийг хүслээ.

-“Монгол хаан” киноны талаар анх хаанаас сонсож мэдсэн бэ?

-Энэ киноны талаар мэдсэн түүх гэвэл анх өөрийн сайн найз болох Рон Юанаас нэгэн дуудлага хүлээн авсан. Тэр хэлэхдээ “Ийм нэг сайн төсөл байна. Энэ төслийг сонирхож байна уу” гээд жүжгийн зохиолыг явуулсан. Зохиолыг уншиж үзээд надад үнэхээр их таалагдсан.

Дараа нь Лондонгийн Колисейн театрт тоглосон жүжгийн хэсгээс бичлэг явуулсан байсан. Үнэхээр их таалагдсан. Харин одоо бол энэ зохиолтой танилцаад саналыг нь хүлээн авсандаа үнэхээр их баяртай байгаа.

-Сая жүжгээ анх удаа үзээд гарч ирлээ. Ямар сэтгэгдэл төрж байна?

-“Монгол хаан” жүжгийн хувьд үнэхээр их сэтгэл хөдөлгөсөн жүжиг байна. Энэ жүжгийг үзээд яг л цаг хугацаагаар аялж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Үнэхээр гайхамшигтай сайн болсон жүжиг байна. “Монгол хаан” жүжгийн бүх хүмүүс үнэхээр гайхалтай, авьяаслаг байлаа. Маш олон үйл явдал зэрэг өрнөж байна. Үнэхээр олон бүжигчидтэй, масс  ихтэй жүжиг гэж харлаа. Үзэж байх явцад сэтгэл их л хөдөллөө.

-Өөрт оноогдсон дүр дээрээ яаж ажиллахаар төлөвлөж байна. Ямар нэгэн төсөөлөл байгаа болов уу?

-Мөн нэг онцлууштай зүйл нь монгол жүжигчид үнэхээр авьяаслаг мундаг жүжигчид байна. Иймд миний хувьд эхлээд жүжигчдээсээ суралцах хэрэгтэй гэж харлаа.

Монгол үйл явдал, сэтгэл хөдлөлийг хэрхэн гаргах талаар жүжигчдээсээ их л сайн суралцах хэрэгтай юм байна. Мөн надад энэ дүрийг бүтээх талаар өөрийн гэсэн санаа байгаа. Өөрийн гэсэн санаан дээр маш сайн ажиллаж, энэ дүрийг бүтээнэ гэж бодож байна даа.

Анх зохиолыг нь уншихдаа би зөвхөн трейлерийг нь үзэж жүжгийн жаахан хэсэгтэй л танилцсан байсан тул дүрийнхээ тухай миний төсөөлөл дутуу дулимаг байсан. Тэгээд амьдаар үзэхэд миний тоглох энэ түшмэлийн дүр ямар их хүч чадал, сэтгэл хөдлөл, ур чадвар шаардсан дүр вэ гэж бодлоо. Энэ дүр бол миний хувьд томоохон сорилт байх болно. Мөн Монголын ауга түүхийг бүрэн мэдэрч, маш дотортой жүжиглэх шаардлагатай болж байна гэж харлаа. Гэхдээ мэдээж хэтрүүлэхгүйгээр бүхнийг тааруулж жүжиглэнэ гэдэг тун хэцүү байна байх. Жүжигчин хүнийхээ хувьд энэ гайхалтай дүрээс айн сүрдэж байгаагаа нуух хэрэггүй байх. Би энэ дүрийг яаж бүтээх вэ л их бодож, гашилгаж байна даа. Гэхдээ энэ гайхалтай жүжгийн нэг хэсэг болсондоо маш их талархаж байна. Монгол жүжигчдээс бас маш их суралцаж байгаа. Тэд бол бүтээж байгаа дүрээ, хийж байгаа ажлаа маш сайн мэддэг хүмүүс байна. Бас Монголын түүхийн талаар ч их суралцах болноо.