“Парис-2024” зуны XVII паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав Иран Улсын тамирчин Захра Рахимитэй тулалдаж ялалт байгуулан аваргын алтан медалийн эзэн болоод байгаа билээ.
Монголын анхны эмэгтэй Паралимпын аварга болж, Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа ОУХМ У.Сүрэнжавын аав Д.Уламбаяр, ээж Б.Даваасүрэн нартай бид холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Тэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд аж төрдөг байна. Д.Уламбаяр "Охиныхоо тулаан бүрийг шимтэн үзэж, захыг нь мушгисаар өнгөрсөн шөнө нойргүй хонолоо" хэмээх Д.Уламбаяр "Охиныг минь дэмжиж, амжилт гаргахыг хүсэж, залбирч суусан монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Охиныхоо тулаан бүрийг шимтэн үзэж, захыг нь мушгиад сууж байлаа. Ялалтын тэр агшинд нулимсаа барьж дийлээгүй ээ. Үнэхээр их баярласан.
Охин минь ялалтынхаа дараа бидэнтэй холбогдож, аав, ээждээ баярлалаа. Хайртай шүү гэж хэлсэн.
Охин минь 11 дүгээрээ ангиасаа эхлэн Завхан аймгийн Улиастай сумын Цэцэн шонхор клубын багш С.Будхүүгийн удирдлага дор анх энэ спортоор хичээллээж эхэлсэн. Үүнээс хойш охинд минь зааж, зөвлөж, дэмжиж байсан хүн болгонд маш их баярлалаа гэдгээ ахин дахин хэлмээр байна" гэлээ.