"Парис-2024" зуны олимпын чөлөөт бөхийн төрөлд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар МУГТ О.Насанбурмаа өөрийн цахим хаягаараа дамжуулан "Д.Отгонжаргалд амьдралын баталгаа хэрэгтэй. Дэлхийн гурван медальтай тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй явж байна" гэж мэдэгдсэн юм.
Харин Үндэсний бөхийн Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл МУГТ Д.Отгонжаргалд өчигдөр байрных нь түлхүүрийг өгч, өнөөдөр албан ёсоор батламжийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар болон МУГТ Д.Отгонжаргалын эцэг, эх байлцлаа.
ВИДЕО:
Энэ талаараа гавьяат тамирчин Д,Отгонжаргал, "Өчигдөр байрныхаа түлхүүрийг авсан. Өнөөдөр батламжаа гардуулан өглөө. Үнэхээр баяртай байна. Хөдөлмөрийг маань үнэлж байгаад тамирчин хүний хувьд баярлалаа. Энэ жил олимпод анх удаа орсон учраас их сандарсан. Санасандаа хүрч чадаагүй ч гэсэн бүх хүчээ дайчилсан. Дараагийн олимпод заавал амжилтаа ахиулж, олимпийн аварга боллоо" гэв.
Харин Дархан аварга Н.Батсуурь, "Манай улс олимп, дэлхийн аваргад оролцож байгаа эрэгтэй тамирчдаа илүү их шагнадаг. Орхигдож байгаа зүйл нь эмэгтэй тамирчид байдаг. Энэ ч үүднээс Д.Отгонжаргал дүүгээ харахад медаль авах боломжтой байсан ч авч чадаагүй. Түүний хувьд гурван дэлхийн аварга дараалж феналдсан охин. Энэ бол маш том амжилт. Энэ амжилтыг нь үнэлж хоёр өрөө байр бэлэглэж байна" гэлээ.