Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэй театрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал 15 өдрийн турш тоглож, нийт 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан. Улмаар Ази тивийн нээлтээ энэ оны аравдугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болж, Лондон тоглосон хувилбараар эх орондоо тоглож буй.
Тэгвэл Сингапурт тоглогдох “Монгол хаан” жүжгийн үндсэн багаас гадна хоёр дахь хувилбарын Арчуг хааны дүрд холливүүдийн жүжигчин Рон Юан тоглохоор болжээ. Тэрбээр өчигдөрхөн Монголд ирсэн бөгөөд анх удаа жүжгээ үзэж сонирхсон юм. Энэ үеэр нь бид түүнтэй хэсэг хором ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу. Монголд анх удаа ирж байна уу. Ирсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу. Мөн та энд ирэхээсээ өмнө Монголын талаар хэр мэддэг байв?
-Би Монголд анх удаа ирж байна. Энд ирсэндээ үнэхээр баяртай байна. Би дунд сургуульдаа түүх судлах дуртай байсан хүүхэд байсан тул Монголын талаар тодорхой хэмжээнд мэддэг байсан. Мөн би Марко Поло киноны Хубилай хааны ач хүү буюу Наян хунтайжийн дүрд тоглосон. Тэр киноны зураг авалтын үеэр Монголд ирэх боломж байсан ч хараахан ирж амжаагүй. Гэхдээ одоо ирсэндээ үнэхээр баяртай байна.
-“Монгол хаан” жүжгийн талаар анх хаанаас сонсож, мэддэг болсон бол?
-А.Баярцэцэг найзаараа дамжуулж анх энэ киноны талаар мэддэг болсон. “Монгол хаан” жүжгийн баг хамт олон жил орчмын өмнө Лондон руу явах гээд бэлтгэлээ хийж байх үеэр нь А.Баярцэцэгтэй ярилцаж байсан санагдаж байна.
-“Монгол хаан” жүжигт тоглох саналыг анх танд хэрхэн тавьсан бэ?
-А.Баярцэцэг бид хоёр Марко Поло кинонд хамт ажиллаж байхдаа танилцаж байсан юм. Надад анх хэлэхдээ “Монгол Хаан” жүжгийн түшмэлийн дүрийг сонирхож байна уу гэж санал тавьж байсан. Харин дараа нь хааны дүрт тоглох уу гэдэг саналыг тавьсан. Гэхдээ түшмэл болон хааны хоёр дүр хоёулаа л гайхамшигтай дүр байна.
-Дөнгөж сая "Монгол хаан" жүжгээ үзээд гараад ирлээ. Ямар санагдав?
-Сая жүжгээ үзлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй, гайхамшигтай жүжиг болжээ. Миний бие энэ жүжигтэй холбогдож, хамтран ажиллахдаа үнэхээр баяртай байна. “Монгол хаан” жүжгийн бүх зүйл үнэхээр их таалагдаж байгаа. Бүх зүйлс нь л гайхамшигтай байна. Үнэхээр л нүд баясгасан сайхан зохиолтой жүжиг юмаа л гэж бодож байна даа.
-Та удахгүй Монголын түүхийг харуулсан энэхүү жүжигт тоглох гэж байна шүү дээ. Юун дээр илүү анхаарч, төвлөрч ажиллая гэж бодов?
-Энэ жүжгийн хааны дүр үнэхээр сонирхолтой санагдаж байгаа. Сая жүжиг үзэхээс өмнө би өөрөөр сэтгэж төсөөлж байлаа. Харин жүжгээ үзсэний дараа яалт ч үгүй зарим үзэгдэл дээр илүү сүр хүчтэй, илүү агуу гэдгээ харуулж ажиллана гэж бодож байна. Мэдээж зарим үзэгдлүүд дээр найруулагчтайгаа хамт ярилцах хэрэгтэй байх.
Мөн бид холливүүдийн жүжигчин Рон Юаныг тоглуулах болсон талаар “Монгол хаан” жүжгийн продюсер, жүжигчин А.Баярцэцэгтэй ярилцлаа.
Тэрбээр, “Монгол хаан жүжгийн хааны дүрд тоглох гэж буй Рон Юан жүжигчин маань өчигдөр Улаанбаатарт ирлээ. Жүжгээ үзээд үнэхээр их догдолсон байна. Рон бид хоёр 2016 онд Марко Поло кинонд хамтран тоглох үеэрээ танилцаж, найзууд болсон байдаг. Өнгөрсөн жил "монгол хаан" жүжигтээ кастинг хийж байхдаа бид бүхэн Ронд түшмэлийн дүрийг санал болгож байсан. Тухайн үед цаг хугацааны хувьд боломж олдоогүй учраас хамтран ажиллаж чадаагүй бол энэ удаа хааны дүрийг санал болгож, Рон маань ч тоглохоор болж, Монголд ирээд байна.
Мөн Сингапурт аравдугаар сарын 17-ноос эхлэн гурван долоо хоногийн турш тоглоно. Азийнхаа нээлтийг хийж байна гэж ойлгож болно. Эндээс цааш Европын орнууд болон Австрали гэхчилэн олон орноор аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Энэхүү тоглолтуудад маань тухайн улсын иргэдийн дуртай жүжигчид болон Холливүүдын жүжигчид гэх мэтчилэн хэд хэдэн хэсэг болж орж ирнэ.
Харин Рон маань сүүлийн 20 гаруй жил жүжигчний мэргэжлээр ажиллаж байгаа бөгөөд залуу байхдаа театрын жүжигчнээр ажиллаж байсан бол одоогийн байдлаар Холливүүдын олон гайхалтай кинонд тоглож байгаа. Та бүхэн үзсэн бол Мулан кинонд тоглож байснаас гадна өөрөө тулааны найруулагч, мөн кино найруулдаг хүн байгаа. Ийм мундаг жүжигчинтэй хамтран ажиллах болсон нь манай улсын жүжигчдийн хувьд ч бас туршлага солилцох гайхалтай боломж юм" гэлээ.