Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад төрөөс сар бүр мөнгөн урамшуулал олгодог билээ.
Тэгвэл Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад энэ онд нийт 1 тэрбум 896 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж. Улсаас мөнгөн урамшуулал авдаг тамирчдаас сард хамгийн их урамшуулал авдаг тамирчин нь МУГТ, Пара пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпэлжээ аж. Тэрбээр ДАШТ-ний нэг алт, гурван мөнгө, паралимпын нэг алт, нэг мөнгөн медальтай бөгөөд эдгээрийн урамшуулалд нийтдээ сард 11 сая төгрөгийн урамшуулал авдаг байна. Харин
- Монгол Улсын Дархан аварга, Олимпын мөнгөн, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Х.Баямөнх 7 сая,
- МУГТ, Олимпын хүрэл, ДАШТ-ний алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар 4.5 сая,
- МУГТ, Олимпын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт О.Гүндэгмаа 3.5 сая,
- МУГТ, Олимпын мөнгө, ДАШТ-ний алт, хүрэл медальт П.Сэрдамба 5.5 сая,
- МУГТ, Олимпын алт, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Бадар-Ууган 5 сая,
- МУГТ, Олимпын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг 6 сая,
- МУГТ, Олимпын мөнгө, ДАШТ-ний алт, хүрэл медальт Д.Сумъяа 6 сая,
- МУГТ, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт М.Анхцэцэг 3.5 сая
- МУГТ, ДАШТ-ний алтан медальт П.Орхон 2 сая,
- ОУХМ, ДАШТ-ний мөнгөн медальт Б.Чинзориг 1 сая
- МУГТ, ДАШТ-ний хүрэл медальт Э.Цэндбаатар 500 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр авдаг аж.
Ташрамд өгүүлэхэд, Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн хавар /2024.06.05/ эцэслэн баталж, шигшээ багийн тамирчин нь ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бол тус шигшээ багт өгдөг санхүүжилтийг зогсоох, Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоохоор болсон. Энэ хүрээнд Олимпын аварга Н.Түвшинбаярын сар бүрийн тэтгэмжийг зогсоохоор болсон байдаг юм.