“Чөлөөт сэтгэлгээний дуулал”-ын залуус ЧӨЛӨӨТ үү

“Чөлөөт сэтгэлгээний дуулал”-ын залуус ЧӨЛӨӨТ үү

МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн "Чөлөөт сэтгэлгээний дуулал - 2019" наадамд зориулав

Хэдхэн жилийн өмнө тэдний насан дээр байжээ, бодож ярих, сэтгэх минь ч тэдэн шиг байжээ. “Өөрийгөө өмнөө зогсоогоод загнана” гэдэг шиг өөрийнхөө өнгөрснийг загнах мэт залуусын шүлэгт илүү үг нэмэрлэх нь.

ГУНИГУУД, ШУВУУД, СҮҮДРҮҮД, МОДОД, БҮСГҮЙ, БОРОО, МӨЧРҮҮДЭЭР дүүрэн

Хэн нэгэн танилаа, эсвэл таних мэдрэмж, совин, учир битүүлэг зүйлс, гүн гүнзгийг төлөөлөх мэт ШУВУУ. Цаг хугацаа, улирлын сэтгэл хөдлөл, гэрч, амьд мэдрэмжийг төлөөлөх мэт МОД. Уйтгар гуниг, саарал өнгө, хайр, нулимс, бүтэлгүйтлийг илэрхийлэх мэт БОРОО. Хагацал, учрал, харуусал, басхүү цаг хугацааг өгүүлэх мэт НАВЧ. Уйтгартай, хоосон, нарийн мэдрэмжтэйг илэрхийлэх мэт ГУНИГУУД, эмзэгхэн бөгөөд гоёхон мэт ХӨӨСӨН БӨМБӨЛӨГҮҮД.

“Шувуудынх нь нүднээс уй гуниг бас шаналал мэдэрдэг сууриндаа”, “Хүмүүс гэдэг шувууны сүүдэр”, “Дэргэдүүр нэгэн шувуу Жигүүрээ дэлгээд нисэн одлоо”, “Цагаан будаанд цаддаггүй тагтаа шиг энэ амьдралын”,  “Тоононд суусан бор шувуу Наран доторх хүн мэт үзэгдэв” зэргээр шалгарсан 15 шүлгийн тав нь ямар нэгэн байдлаар шувуугаар өөрийн мэдрэмжийг илэрхийлж байв.

“Бороо орох цаг болоогүй нь яасан шаналантай вэ?”, “Эндхийн бороо над шиг гунигтай зүсэрдэг ч”, “Дусал бүрээс нь шүлэг төрмөөр борооны”, “Үүлс ядрахлаар бороо ордогт итгэсэн хүүхэд нас” гэж дөрвөн ч шүлэгт борооны тухай өгүүлжээ.

“Гунигийн дуу аялаад л салхи сөрөн алхана гэдэг...”, “Түлхүүр оосоргүй гуниглагч зүрх, орчлонг ширтэхэд”, “Эгч минь тэнд гунигийн дуу аялаад”, “Уулсын гуниг”, “Мандах нарны шаргал туяанд хаашаа ч юм хийсч одох нь гуниг төрүүлнэ” зэргээр гунигийн тухай мөртүүд хөврөнө.

Яруу найрагч мэдрэмжээ бичнэ, мэдрэмжээ илэрхийлнэ. Мэдрэмж нь эдгээр үгсүүдийг тойрон эргэлдэх мэт, үүнээс л мэдрэмж авч болох мэт хорвоо ертөнцийн тохиолдлууд, сэтгэл хөдлөлүүд, байгалийн үзэгдлүүдийг “иймийг нь тийм, тиймийг нь ийм” гээд заачихсан мэт шүлгүүд “нөгөө” үгс дотор эргэлдэнэ. Гуниг, сүүдэр, модод, навчис, бороо, бүсгүй...

Яруу найрагч хөнгөн бөгөөд нарийн /дээд/ мэдрэмжтэй байж, доод мэдрэмж буюу сэтгэлийн хөдөлгөөний замбараагүйтлээ захирч чаддаг байх хэрэгтэй шиг. Мэдрэмжээ мэдэрснээрээ шууд буулгах нь угаас л боломжгүй. Санах мэдрэмж гэж үгүй, санах сэтгэл гэж бий гэдэг шиг эхлээд ухааныхааа учрыг олчихвол мэдрэмж хамаагүй мэдлэгтэй, гоо зүйтэй болох.

Дусал бүрээс нь шүлэг төрмөөр борооны

Дунд нь зогсоод чамд зориулж шүлгээ бодлоо

Ороод л байгаа бороонд нороод байгаа юмсаас

Огтоос миний шүлэг л хув хуурай үлдлээ... гэх нь бороонд төрсөн олон замбараагүй мэдрэмжүүдээ цэгцлэн голыг нь олж өгүүлсэн нь харагдана.

Сэтгэлийн цус царцан

Сэм сэмээр нэгийг онохуйд

Байн дээр туссан мөс

Сэтгэлээс алдуурсан бодол

Галбарваасан модны дор зэрэгцэн, бие цэнгэж

Эртний аялгуу эгшиглэнэ гэх нь тухайн цагт өөрт мэдрэгдсэн мэдрэмжийг шууд илэрхийлсэн байж болох ч мэдрэмжүүд цэгцтэй ойлгомжтой биш байх.

Ойлгогдох гэдэг нь яруу найрагчийн гол зорилго биш. Гэвч тэр нь хүссэнээ, ойлгомжгүйг, үг үсгэн тоглоом бичихийг хэлэхгүй. Тиймээс л яруу найрагч хүн ухааныхаа учрыг ойлгох нь мэдрэмж авахтай эн чацуу үнэ цэнэ гэж ойлгодог оо.

“Тэр дээр магадгүй шилэн хорго байгаа

Магадгүй одоо нууцлаг шилний цаанаас

Зөөлөн тогшоод инээж байгаа” гэж аквариумд байгаа мэт бачимдсан сэтгэлээ илэрхийлэх нь гоёчлоогүй хэдий ч ойлгомжтой байна. Харин, 

“Хүмүүс гэдэг шувууны сүүдэр

Хүрэлцэвч биеждэггүй цуурайгүй инээд...

Тэнгэрийн нүдэнд живсэн хөх давалгаа

Гэрлийн зурааснаас алдууран оддоор нулимсарна” гэх нь сэтгэл эсвэл мэдрэмжийн алийг гэхийн аргагүй. Цааш уншвал ертөнцийн мууг зүхэх нь ойлгогдох ч илүү мөртүүд, эмх замбараагүй сэтгэгдэл, үг үсгэн тоглоом болохоос бодол биш гэдэг нь анзаарагдана. Яруу найрагч хүн бодож чаддаг байх хэрэгтэй шиг.

МЭДРЭМЖЭЭ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОВ УУ

Таван мэдрэхүй харах, үнэрлэх, амтлах, сонсох, хүртэх мэдрэмжүүд ухаанд очиж, ухаанаас буцан гарахдаа боловсрогдон сэтгэл болон гардаг хэмээн тархи судлаачид тайлбарладаг.  

Тэгэхээр бидний мэдрэмж хэмээн хэлдэг айх, сандрах, уурлах, гуниглах, дурлах сэтгэлийн хөдлөлүүд бүгд л бидний амьдрах явцдаа цуглуулсан, доод ухаанд байх мэдээллүүдээс шалтгаална. Монгол хүмүүсийн талаар интернэтээс уншиж мэдрэх мэдрэмж, нийгэмд нь ороод амьдрах мэдрэмж хоёр тэс өөр. Бид унших, судлах, илүү ихийг мэдэх тусам мэдрэмж үнэн бөгөөд гоо зүйтэй болох шиг. Та өмнө юу мэдэрсэн бэ, мэдсэн бэ гэдгээс шалтгаалан таны мэдрэмж “хөглөгдөнө”. Тиймээс зүгээр л мэдрэмжээ биччихээд яруу найрагч гэвэл учир дутагдалтай. Амьдралаас дээгүүр байдаг Кантын эстетикийг дэмждэггүй ч боловсролтой, мэдлэгтэй яруу найрагчийн шүлгийг элит гэж хардаг.

Бидэнд мэдрэмж төрөхөөсөө л өгөгддөггүй. Бид түүнд суралцсаар явдаг. Гэтэл суралцахдаа үргэлж л мод, бороо, шувуу, нутаг ус уншвал юу гарах нь тодорхой.

“Үхэх, төрөхийн зам-ертөнцийн маажуур

Шархыг нь хөндөвч загатанасаар байдаг нуруу

Хичнээн зовлонтныг гэрлээр бүтээх бол

Өдөд бутарч, салхин чигт замхравч

Үүрд барлаг байх тавилантай

Шувууны сүүдэр гэдэг хүний оршихуй

Цээжнээ хөндүүрлэсэн ирж буй хөлийн чимээ” гэх мэдрэмжийг уншвал түүний ертөнцөөс залхсан, хараасан, зовлонтой амьдралд хүмүүс яагаад л төрж үхсээр явдгийг гайхсан, ерөнхийдөө хар бараан мэдрэмж. Тэндээс энд иртлээ цуглуулсан мэдээлэл. Хормын төдийд л төрчихөөгүй мэдрэмж. Зүгээр л сууж байгаад амиа хорлочихдоггүйтэй адил, мэдрэмжүүд тийн бөөгнөрч, үйлдлээр үгээр илрэн гардаг бололтой. Бурхнаас илгээсэн үг биш хүнээс гарсан үг учир шалтгаантай.

“Надаас хойш үлдэх оюун санаа

Тэнүүчилсээр

Магад уурших эсвэл ялзарч дуусах

Хүртэл

Өөрийнхөө оршихуйг тунхаглахгүй

Олон сая хэсэг минь дахин

Нэгүүд болоход л

Өөрийн хэсэг бүртээ ой санамж

Үлдээдэг бол

Миний олон хэсгүүдийн онцгой нь

Дурлалцана

Миний хагацсан цөмүүдийн зарим нь

Таталцана

Тэгээд л хүмүүс салж чаддаггүй

Тэнгэр шиг цул болох хүртлээ

Тэврэлддэг байх” хэмээн үхлийн дараах амьдралыг бясалгасан мөртүүд найрагчийг энэ тухай ном уншиж, сонирхож, эрж хайж байсныг өгүүлэх мэт. Шашин байгаа газар л сүнс байна гэдэг.

Бүтээл нэг хэрэг, психологи нэг хэрэг байх. Гэвч психологиос бүтээл төрдөг бишүү.

ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭ

...бий юу?

Залуус үргэлжид чөлөөтийн төлөө тэмцэж ирсэн. Өөрчлөлт, шинэчлэлт бүр хуучныг донсолгоно. Хууччуулаас залуус орчин үеийн мэдлэгтэйгээр онцгойрно. Мэдлэгтэй хүний мэдрэмж өөр тухай өмнө дурдсан.

Чөлөөтийн тухай,  Freewill гэх ойлголттой оюутан байхдаа учирч одоог хүртэл тэмцэлдсээр байдаг. Чөлөөт гэж хүсч буй зүйл минь шашнаас, хэн нэгний нөлөөллөөс, айдсаас, нийгмийн хүчин зүйлүүдээс ангид “чөлөөт” байж чаддаг уу гэх асуулт. Би яг “хүссэн үү”, хүссэнээ хийх чөлөөт надад бий болов уу? гэх асуултыг энэ ойлголт үлдээдэг.

Бурханы тааллаар, бурхны зурсан зам мөрөөр яваа та чөлөөт байж чадах уу, эцэг эхийн зөвөлсөн замаар яваа таны мэдрэмж чөлөөт байж чадах уу, багшийн тулгасан мэдээллээр яваа та багшаас чөлөөт байж чадах болов уу, найз нөхдийн шахалт, үнэтэй үнэгүй зөвлөгөөр яваа та найз нөхдөөсөө чөлөөт байж чадах болов уу.

Ер нь таны мэдэрсэн мэдрэмж таных мөн үү? Та чөлөөт хүн мөн үү? гэж өнгөрсөн дэх өөрөөсөө, одоогийн та нараасаа асууж байна.

МУИС-ийн Утга зохиолын нэгдэл гэж надаас хол хөндий хэдий ч сүр бараатай нэгэн нөмөр. Найрагч залуус мэдрэмжээ “ярилцах” тийм нэг гэгээн орон зайд нь цөөн хормыг үдсэн нь “Чөлөөт сэтгэлгээний дуулал – 2019” наадам байв. Түүнээс үүдэж хөвөрсөн товч үгс минь энэ ээ.