Франц улсын нийслэл Парис хотноо болсон зуны 33 дахь удаагийн олимпын наадамд улсын зардлаар оролцсон албан тушаалтнуудын мэдээллийг олон нийт ил болгохыг шаардаж байгаа. Тэгвэл бид энэ удаад улсын төсвийн мөнгөөр "Парис-2024" зуны олимпын наадамд оролцсон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгож байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын тушаалаар Үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих багийн ахлагч Ч.Насантогтох, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баясгалан, Спортын анагаах ухааны ЭШТ-ийн их эмч М.Булган, массажист Ц.Туул, МҮОНРТ-ийн сэтгүүлч О.Баянмөнх, найруулагч Б.Анар-Эрдэнэ, зураглаач Д.Амгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нарын хүмүүс улсын зардлаар Франц улсад ажиллажээ.
Тодруулбал,
- "Парис-2024" олимпын наадмыг сурвалжлах багийн бүрэлдэхүүний зардалд 29.3 сая төгрөг,
- Эмч, массажистаар ажиллах бүрэлдэхүүний зардалд 9.3 сая,
- Үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих багийн ахлагч Ч.Насантогтохын зардалд 7.7 сая,
- БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баясгалан нарын зардалд 32.6 сая төгрөгийг тус тус зарцуулсан байх аж.