“Парис 2024” зуны олимпын Параолимп энэ сарын 28-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 08 /2024.08.28-09.08/-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн Параолимпод спортын 22 төрлөөр 4400 гаруй тамирчин 549 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл тус наадамд манай улс жүдо, байт харваа, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт зэрэг зургаан төрөлд арван эрх авч 12 тамирчин өрсөлдөнө.
Мөн гурав дахь удаагаа параолимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд оролцох МУГТ Э.Содномпэлжээ нээлтийн ёслолд Монгол Улсын туг барина. Тэрбээр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж, хоёр олимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн, Дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга тамирчин юм. Сонирхуулахад, Монголын параолимпын тамирчид 2000 онд Сидней хотноо болсон зуны 11 дүгээр наадмаас эхлэн оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин 2008” зуны параолимпын 13 дугаар наадмын байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь анхны түүхэн амжилт юм.
С.СУВД-ЭРДЭНЭ