Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр /2024.08.13/ мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Өчигдөр сошиал орчинд сэтгэл зүйчтэй холбоотой асуудал ихээхэн газар авчээ. Эхнээс нь тайлбарлая. Квот буюу мандатын асуудлаас эхэлье. ОУОХ-ны дүрэмдээ тухайн улс нь 30-35 тамирчин эрх авбал 17 квот олгоно гэсэн заалттай. Ингээд манай улс 9 спортын төрлөөр 32 эрх авсан ба 17 албаны буюу дасгалжуулагчийн мандат ирсэн гэсэн үг. Үүнээс чөлөөт бөхөд 9 эрх авснаараа 4 дасгалжуулагчийн мандат хуваарилагдсан бөгөөд тус 4 квотыг хуваарь гаргаж тамирчдыг Олимпын эрх авахад хамт байсан дасгалжуулагчийхан хамт байхаар зохицуулалт хийсэн. Зарим өдөр манай 3 тамирчин барилдсаныг та бүхэн мэднэ. 1 тамирчин барилдахад 2 дасгалжуулагч буланд гарах ёстой байдаг. Ийм нөхцөлд 4 ширхэг мандатаас дэмжих багийн гишүүдэд олгох ямар ч боломжгүй байлаа.
Сошиал орчинд тархаад байгаа сэтгэл зүйчтэй холбоотой асуудлын тухайд тухайн сэтгэл зүйч нь МЧБХ-той албан ёсоор гэрээ хэлэлцээртэй ажилддаггүй. Манай холбоонд Парис хамт явах хүсэлт гаргасныг зөвшөөрч, Франц улсын виз мэдүүлэхэд батлан дааж Парис хотноо хамт ирсэн. Мөн Монголд хийсэн Олимпын цугларалтад МЧБХ-оос байр, хоолны зардлыг нь гаргаж баг тамирчдын хамт байрлаж ажилсан.
Түүнчлэн анхнаасаа мандат олгогдох тал дээр тэмцээний үеэр боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Гэсэн ч бид хэд хэдэн удаа боломж гаргаж бэлтгэлийн заал руу, баг тамирчид руу нэвтрүүлсэн. Олон улсын жишигт бие халаалтын зааланд тамирчин биеэ халаах, багш нартайгаа техник тактик зөвлөлдөх, барилдаандаа төвлөрөх үе байдаг. Манай тамирчин Т.Тулга өөрийн сошиал хаягаар доор дурьдсанчлан зүйл болоогүй гэдгийг мэдэгдээд байгаа тул хэт туйлширч судалгаагүй бодит байдлаас зөрүүтэй мэдээлэлд шүүлтүүртэй хандана уу" хэмээжээ.