Францын нийслэл Парис хотноо болсон зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцсон манай улсын баг тамирчид төдийлөн сайн амжилт гаргаж чадаагүй нь монголчуудын сэтгэлийг гонсойлгоод байна. Тамирчид сэтгэлзүйч, хоолзүйчгүй байсан нь үүнд нөлөөлсөн гэх мэдээлэл ч гараад буй.
Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийг Франц руу авч яваагүй, хариуцлагагүй ажилласан Монголын үндэсний Олимпын хороо, Олимпын сайд асан Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын улсын хороо зэрэг холбогдох байгууллагуудаас хариуцлага нэхэж, ямар албан тушаалын хүмүүс улсын зардлаар Олимпын наадамд оролцов, тэдэнд хэдэн төгрөг зарцуулав гэдэг мэдээллийг ил болгохыг шаардсаар байгаа билээ.
Тэгвэл бид энэ удаад улсын зардлаар Парис-2024 олимпын наадамд Монголын баг тамирчдыг ахлан оролцсон БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баясгалан нарын зардлын баримтыг ил болгож байна.
Тухайн нэр бүхий албан тушаалтнууд нь энэ оны долдугаар сарын 21-ний /2024.07.21/өдрөөс энэ сарын 12-ны /2024.08.12/ өдрийн хооронд Франц улсын Парис хотноо ажиллажээ. Тэдний албан томилолтын зардалд нийтдээ 32.6 сая төгрөг зарцуулсан байх бөгөөд уг мөнгийг Улсын шигшээ багийн зардлаас гаргасан байна. Нарийвчилбал, Улаанбаатар-Франкфурт-Парис чиглэлийн хоёр талын онгоцны зардалд 3.9 сая төгрөг, зам хоногт нэг хүн 202 мянга 920 төгрөг, мөн унааны зардалд нэг хүн 33 мянга 820 төгрөг, зочид буудлын зардалд хоёр хүн өдрийн 676 мянга, 400 төгрөг буюу нийт 32 сая 599 мянга 860 төгрөг зарцуулсан байх аж.
БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, тус хэлтсийн мэргэжилтэн Ш.Баясгалан нар Монголын баг тамирчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, баг тамирчдыг хүлээн авах, хотхонд байрлуулах, хуваарийн дагуу тэмцээнд оролцуулах үдэн гаргах, цаашид спортыг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судлах чиг үүрэгтэй ажилласан байна. Харин тэдний гүйцэтгэсэн эл үүргийг ийм олон хүн хариуцан ажиллаж, улсын зардлыг үүрэх шаардлага байсан уу гэдэг нь мөн л эргэлзээтэй асуудал. Хамгийн гол нь энэ мэтээр улсын зардлаар олимпын наадамд оролцсон Монгол Улс хангалтгүй амжилт гаргаж чадаагүй нь эргээд хариуцлага нэхэх гол шалтгаан гэдгийг олон нийт хэлж шаардаж буй юм. Энэ ч утгаараа Монголын баг тамирчдыг ахалж явсан дээрх хүмүүсээс ч хариуцлага нэхэх учиртай.