Олимпын хорооны 25,6 тэрбумын төсвийн 20,8 тэрбум зөвхөн арга хэмжээнд зориулагджээ. Харин Францын нийслэл Парис хотноо болсон зуны 33 дахь удаагийн олимп өчигдөр /2024.08.12/ өндөрлөлөө. Манай улсаас "Парис 2024"-д есөн төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр зуны олимпын 31 дэх, 12 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.
Энэхүү үзүүлэлт нь монголын олимпын баг тамирчдын сүүлийн 20 гаруй жилд хамгийн муу оролцсон олимп болж байна. Үүнийг олон нийт Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/ болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо тамирчдаа анхааралгүй маш муу ажилсантай холбоотой хэмээн үзэж байна. Зуны олимпын дараа олимпын хорооны төсөв, олимпт явсан багийн бүрэлдэхүүн зэрэг дэлгэгдсэнээр нэлээн шүүмжлэл дагуулаад байна.
-СЭТГЭЛ ЗҮЙЧ, ХООЛ ЗҮЙЧГҮЙ ОЛИМПЫН ТАМИРЧИД-
Манай улсаас энэ удаагийн олимпод нийт 87 хүн мандаттайгаар оролцжээ. Үүний 32 нь тамирчин, 22 нь дасгалжуулагч байна. Харин албаны гэх ангилалд тав, “Р” категорит 11 хүн багтжээ. Мөн гурван эмч, штабын долоон ажилтан, МҮОХ зочин нэр дээр Удирдах Зөвлөлийн зургаан хүн хоёр мандатаар сэлгэн оролцсон байна.
Энэ жил 24 хүний бүрэлдэхүүнтэй дэмжих баг ажиллуулсан ч бүгдийг нь цахимаар ажиллуулсан байна.
Үүнд сэтгэл зүй, хоол зүйн зэрэг тус бүр зургаан хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн дэмжих баг багтжээ. Дэмжих баг яваагүй шалтгааныг МҮОХ квотод багтаагүй гэж тайлбарласан. Гэвч МҮОХ-ноос гаргасан албаны бүрэлдэхүүнийг харахад тамирчдад хамгийн хэрэгтэй сэтгэлзүйч, хоолзүйч багтсан дэмжих баг явах боломжтой байсан нь харагдаж байна.
-ОЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ТӨСӨВ БОЛОХ 25,6 ТЭРБУМ ЮУНД ЗАРЦУУЛАГДСАН БЭ-
Олимпын хорооны 25,6 тэрбум төгрөгийн төсвийн 20,8 тэрбум нь зөвхөн арга хэмжээнд зориулагдах бол тамирчдын цалинд 4,4 тэрбумыг төсөвлөжээ. Тодруулбал, нэг тамирчинд зарцуулах жилийн төсөв 83-84 сая төгрөг болж байгаа юм.
-МАНАЙ УЛС НЭГ МӨНГӨН МЕДАЛИЙН АМЖИЛТААР 57 ДУГААР БАЙРТ БИЧИГДЛЭЭ-
Олимпын наадамд медалийн чанараар 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн амжилтаар АНУ тэргүүлэв. Харин 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл медаль хүртсэн амжилтаар өмнөд хөрш БНХАУ удаалсан бол 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл медальтайгаар Япон улс гуравдугаар байрт бичигдлээ. Тэдний араас Австрали, Франц, Недерланд, Их Британи, БНСУ, Итали, Герман, Шинэ Зеланд, Канад гэсэн орнууд эхний аравт жагсав. Харин "Парис 2024" зуны олимпын наадмаас нэг мөнгөн медаль авсан ажилтаараа манай улс 57 дугаар байрт жагсав. Энэ нь олимпын нэгж медальд оногдох хүн амын тоогоор хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 1964 оноос Монгол Улс олимпод оролцож эхэлснээс хойшхи хамгийн муу амжилтыг энэ удаа үзүүлсэн байна.
Б.Энх-Уянга