Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн давааны шороон замыг асфальтан зам болгосонгүй гэх шүүмжлэл олонтой гардаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус зам хуучин хэвээрээ иргэдийн бухимдлыг төрүүлсээр байгаа юм. Тэгвэл тус давааны шороон замыг асфальтан зам болгох боломжтой юу гэдэг асуудлыг бид энэ удаад хөндлөө.
ВИДЕО:
Улаанбаатар хотод байх томоохон даваануудын нэг "Гүнтийн даваа" цаг ямагт хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ ч утгаараа шороон замаар зорчсон иргэдийн автомашин эвдрэх, осол аваар гарах нөхцөл, шалтгаан болсоор ирсэн. Түүнчлэн өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах тохиолдол ч цөөнгүй гардаг билээ.
Тиймээс ч иргэд эл замыг засаж, сайжруулахыг шаарддаг ч үр дүнд хүрдэггүй. Тэгвэл тухайн давааны шороон замыг асфальтан зам болгох боломжтой ч замыг тойрог хэлбэрээр төлөвлөж, асфальтан зам болгоход газрын асуудалтай тулгардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Тодруулбал, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр "Замыг норм дүрэм, төлөвлөлтийн дагуу барьдаг. Энэ замын тухайд шулуун үргэлжилж байгаа налуу хэсэг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан учраас энэ чигт нь хучих боломжгүй. Хэрэв замыг шууд асфальтан зам болговол өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэж, автомашин гулсах эрсдэл үүснэ. Гэхдээ ийм өндөр давааг дэлхий дээр хоёр аргаар шийдэж байна. Нэгдүгээрт, ухаж, намсгах, эсвэл тунель байдлаар хийдэг. Яг энэ давааны тухайд бол энгийн үгээр хэлэхэд замыг мушгиж, огцом налууг багасгах байдлаар шийдэх бүрэн боломжтой" гэлээ.
Гүнтийн давааны замыг одоогоос арван жилийн өмнө анх төлөвлөхдөө хоёр байрлалд мушгиж, огцом налууг нь багасгах байдлаар зураг төслийг нь гаргасан ч газрын асуудалтай тулгарч, улмаар шороон замтай байхаар өнөөдрийн замыг барьсан байна. Хэрэв өдгөө тус давааны замын ойролцоо олгосон газрын асуудлыг шийдвэл тус шороон замыг асфальтан зам болгох бүрэн боломжтой аж.