АПУ ХК-ийн урилгаар дэлхийн сонгодог урлагийн “домог”, алдарт Пласидо Доминго, ардын жүжигчин Э.Амартүвшин тэргүүтэй дэлхийн шилдгүүдийн хослол Монголд анх удаа эгшиглэх гэж байна.
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг өнөөдөр 16.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна.
Энэхүү түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго, энэ цаг үеийн алдарт баритон, дэлхийн бүхий л гол тайзнаа гайхамшигт хоолойгоороо эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсөж буй гайхалтай сопрано Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт Ла Скала театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нарыг эх орондоо урьж, “Centennial Celebration” дуурийн сонгодог тоглолтыг зохион байгуулж байна.