Э.Тамир: Эмээ маань урлагийн хүн болгохгүй гэдэг байсан учир анх царайгаа нууж дуу хийж эхэлсэн. Одоо эмээ маань надаар маш их бахархдаг /ВИДЕО/

Э.Тамир: Эмээ маань урлагийн хүн болгохгүй гэдэг байсан учир анх царайгаа нууж дуу хийж эхэлсэн. Одоо эмээ маань надаар маш их бахархдаг /ВИДЕО/

Хийсэн дуу, хамтарсан уран бүтээл бүхэн нь амжилттай байдаг гэж болох даруухан, нууцлаг нэгэн эмэгтэй артистыг бид энэ удаагийн Soсial ID буландаа онцоллоо. Тэр бол дуучин Mrs M буюу Э.Тамир. Түүний хувьд өдгөө 10 орчим жил уран бүтээл туурвиж буй тууштай бас амжилттай яваа цөөн хэдэн эмэгтэй артистын нэг юм. Мөн тэрбээр энэ удаа өөрийн хамтрагч Гинжингийн хамтаар бие даасан тоглолтоо төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болоод байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Хэрхэн уран бүтээл хийж эхлэх болсон талаар яриагаа эхэлье. Анх царайгаа ерөөсөө гаргадаггүй байсан шүү дээ. Үүнд учир бий юу?

-Анх Mrs M гэдэг нэрээр 2014 оноос эхлэн уран бүтээл хийж эхэлсэн. Тэр үед манай эмээ намайг урлагийн хүн болгохгүй гэж зүтгэдэг байсан. Тиймээс үсээ буржгар болгоод царайгаа бүрсийлгээд “намайг араас харвал танихгүй” гэж бодоод анхны дуугаа хийж байсан. Тэр дуу маань ч тухайн үедээ нэлээд амжилттай явсан. Тэгээд л тэрнээсээ урам авч цааш явсан. Эмээ маань бас залуу хүүхдүүдийн хаана ямар дуу гарч байгааг сайн олж хардаггүй байсан болохоор чимээгүй явсаар байгаад л эмээдээ өөрийгөө баталж харуулсан. Одоо бол манай эмээ надаар маш их бахархдаг.

-Цор ганц, Бороо гэхчлэн олонд танигдсан уран бүтээл танд цөөнгүй бий. Гаргасан дуунууд нь маш их хандалт авч, олонд хүрэх үед ямар санагддаг байв. Эргэн санаад сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Мэдээж маш сайхан байсан. Гэхдээ би уран бүтээл хийж байхдаа хандалт авчихлаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл нэг их боддоггүй байсан. Одоо бодоход цэнгэлдэхэд тоглолт хийх гээд байж байгаадаа, өнгөрсөн бүх жилүүдийн уран бүтээлүүд эхлэл гээд бүх зүйл үе үе итгэмээргүй ч юм шиг санагддаг. “Би энэ хүртэл явчихсан байна шүү дээ” гэж өөрөө өөртөө хэлж, баярладаг. Өөртөө тууштай байж, хэний ч үгийг сөрөн байж шантралгүй зүтгэж дуртай зүйлээ хийж ирсэндээ талархдаг. Ганц л амьдарна шүү дээ. Хүссэн зүйлээрээ явж байгаадаа маш их баяртай байдаг. Удахгүй Гинжинтэй хамт цэнгэлдэхэд тоглолтоо хийх гэж байгаадаа итгэхгүй л байгаа.

-Уран бүтээлийн хувьд таны дуунуудаас монгол эмэгтэйчүүдээр бахархаж, бахадсан хандлага анзаарагддаг. Дуугаа хийхдээ юунд зорьж, юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Би яг ийм дуу хийнэ. Дуу бичихдээ ийм зүйлийг баримтална гэдэг зүйл байдаггүй. Яг өөрийнхөөрөө зургаа дахь мэдрэхүйгээ дагаад л уран бүтээл хийж яваа. Харин уран бүтээлээсээ л би ийм өнцөгтэй хүн юм байна даа гэх мэтчилэн өөрийгөө таних үе байдаг. Ингэхдээ таны хэлж буй өнцгийг өөрөөсөө хардаг.  Тухайлбал 2022 онд би “Хааны охин” гэдэг дууг цэвэр англи хэл дээр хийж байсан. Тэр дуундаа өөрийн хүндэлдэг бахархалт монгол эмэгтэйчүүдийг төлөөллүүдийг зураг авалтдаа оруулсан. Яг цэвэр англи хэлээр дуулсан нь гаднынханд монгол эмэгтэйчүүд ийм үзэсгэлэнтэй бас ийм хүчирхэг байдаг гэдгийг харуулахыг зорьсон.

-Танай салбарт эмэгтэй артист цөөхөн байдаг шүү дээ. Ер нь эмэгтэй реппер гэж гарч ирэхэд бусад артистууд болон үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Эмэгтэй артист ер нь цөөхөн. Эрэгтэйн харьцангуй их байдаг. Энэ нь эрэгтэй хүмүүстэй нөхөрлөж чаддаг учраас надад бол нөлөөлж байгаагүй. Гэхдээ эмэгтэй артистуудыг энэ талбарт олноороо гарч ирээсэй гэж хүсдэг. Шинээр гарч ирж буй уран бүтээлчдэдээ ч маш их дуртай байгаа. Гарч ирж байгаа охид маань хичээгээд хамгийн гол нь эмэгтэй репперүүд маань тууштай байгаасай л гэж хүсэж байна даа.

-Таны хувьд гэр бүлээ зохиож, ээж болоод байгаа шүү дээ. Энэ нь таны уран бүтээлд нөлөө үзүүлсэн үү. Өөрчлөгдсөн зүйл байгаа юу?

-Ээж болоод яагаад ч юм би өмнөхөөсөө илүү дайчин болсон. Тэсвэртэй, тэвчээртэй шууд дайрдаг болчихсон байна лээ. Би уг нь дотроо нялцгай жаахан охин байхгүй юу. Тэгсэн ээж болсны дараа тэр зан чанар маань дарагдсан гэж харж байгаа. Илүү дайчин болсон. Ямар ч байсан эмэгтэй хүний хувьд ээж болсны дараах, өмнөх гэдэг бол маш том ялгаатай зүйл байдаг юм байна лээ. Яг тэгсэн гэж хэлж чадахгүй ч аливаа зүйлд хандах хандлагаас эхлээд бүх зүйл өөрчлөгдсөн. Илүү зоригтой болсон гэж хэлж болно.

-Цаашдын уран бүтээлийн хувьд төлөвлөсөн зүй байгаа юу?

-Би өөрийнхөө хийж байгаа дуртай зүйлээ цаашид ч хийсээр байна. Хэзээ ч зогсохгүй. Гэхдээ мэдээж хүн болгон хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Жишээлбэл би амьд хөгжим, рок сонсдог байсан бол одоо өөрөө хип хоп хийж байна. Заримдаа поп хийдэг. Үүнтэй адил энэ тоглолтын дараагаас ч юм уу. Ирэх жилээс би жаахан хувьсаж өөрчлөгдөх байх. Тэгэхээр арай өөр төрлийн хөгжмөөр бас оролдож үзнэ гэж бодож байгаа.

-Удахгүй төв цэнгэлдэх хүрээлэнд Гинжингийн хамтаар тоглолтоо хийх гэж байна шүү. Энэ ташрамд хамтрагчийнхаа талаарх сэтгэгдлээ илэрхийлээч?

-Манай Гинжин миний мэдэх хамгийн их авьяастай реппер гэж би хардаг. Ямар нэг хувь зохиолоор ямартай ч бид учирч, хамтарч уран бүтээл хийдэг болсон. Миний суурь хип хоп биш шүү дээ. Харин Гинжин хип хоп суурьтай. Тиймээс ямар нэг зүйл дээр хамтран ажиллахад надад маш их зүйлийг зааж өгдөг. Үг бичих, дууны аялгуу гэхчлэн олон зүйл дээр тусалдаг. Өөрөө аягүй өндөр мэдрэмжтэй. Олон талын мэдлэгтэй хүн. Энэ талаараа би Гинжингээс маш их зүйл сурдаг. Би Гинжинтэй хамтарснаараа өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа. Хамтарч уран бүтээл хийхэд заримдаа маргалдах зүйл ч байна. Хэрэлдэх үедээ хэрэлдээд л сайндах үедээ сайндаад хамрагчид ямар байдаг яг тэр зарчмаар явж байгаа.

-Таныг сонсдог, дэмждэг, үлгэр жишээ авч яваа өсвөр үеийн залуустаа хандаж зөвлөх зүйл байдаг уу?

Би хаанаас ч билээ нэг уншиж байсан. Хүн өөрийгөө толинд харахдаа бүхэл бүтэн 50 хувиар бууруулж хардаг гэсэн. Би ч гэсэн өөрөөсөө нэг өө хараал миний энэ ёстой муухай гэдэг. Хүн болгон ингэдэг. Яагаад гэвэл ерөөсөө л 50 хувиар бууруулж харж байгаатай холбоотой. Гэтэл хөндлөнгийн хэн нэгэн өөрийг нь шал өөрөөр харж байх жишээний. Юу гэх гээд байна вэ гэхээр тэр нэг өөрийгөө голж байгаа ч юм уу. Өөртөө итгэлгүй болж байгаа бүх зүйл гаднаас биш чи өөрөө дотроосоо ургуулаад байгаа гэсэн үг. Өөрийгөө голсоор байвал гаднаас ямар ч өөрчлөлт ирээд нэмэргүй гэсэн үг шүү дээ. Хүний амьдралд стресс бол байлгүй яах вэ. Амьдрал л юм чинь би ч стрессддэг.  Стрессдсэн үедээ нүүрээ будахад хүртэл сааралтаад байдаг. Тэгэхээр хүний харагдах байдал, ямар байх нь зүгээр л өөрийнх нь дотоод чанараас л хамааралтай гэж боддог. Тиймээс өөртөө итгэлгүй сэтгэл гутралтай байвал эхлээд өөрөө өөрийгөө дотроосоо цэвэрлээрэй гэж намайг дэмждэг, үздэг, хардаг залуустаа хэлмээр байна. Хүн дахин давтагдашгүй. Та цор ганц учир өөрийнхөө юу чаддагийг олж нээгээд түүгээрээ гол нь тууштай байж өөрөө өөрийнхөө жаргалыг олж аваарай. Хэлэхэд амархан хийхэд хэцүү ч үүнийг бид хийхээс өөр араггүй. Үгүй бол ганц амьдарч байгаа амьдралаа хар бараан өөртөө итгэлгүй байдлаар явсаар дуусна шүү гэдгийг зөвлөмөөр байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас маш их баярлалаа.