Б.Болор: “Miss World” тэмцээнд бүжгийн үзүүлбэрээ үзүүлэхэд бүгд гайхаж, магтаж, ялагчийг тодруулахад "Монгол" хэмээн орилж байсан /ВИДЕО/

Б.Болор: “Miss World” тэмцээнд бүжгийн үзүүлбэрээ үзүүлэхэд бүгд гайхаж, магтаж, ялагчийг тодруулахад "Монгол" хэмээн орилж байсан /ВИДЕО/

Гоо сайхны олимп гэгддэг “Miss World” тэмцээн 71 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тус тэмцээнд нийт 112 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс эх орноо төлөөлөн оролцсон үндэсний ялагч Б.Болор өөрийн авьяас чадвараараа эрхгүй онцгойрч, спортлог миссийн төрөлд шилдэг 8, авьяаслаг миссийн төрөлд шилдэг 14, мультимедиа төрөлд шилдэг 5-д тус тус шалгаран үнэмлэхүй амжилтыг үзүүлсэн.

Тэгвэл бид энэ удаа Дэлхийн миссийн тэмцээнээс өнгөрсөн тав дахь өдөр ирээд буй үндсэний ялагч Б.Болорыг урьж миссийн тэмцээнийх нь талаар ярилцлаа. Түүний хувьд Үндэсний урлагийн их театрт гоцлол бүжигчин мэргэжлээр ажилладаг бөгөөд дэлхийн миссийн тэмцээнд үндэсний бүжгийн үзүүлбэрээр оролцож олон оны гоо бүсгүйд эх орныхоо өв соёл, уламжлалыг таниулж, багагүй гайхшруулж яваад иржээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

- Өөрийн чинь хувьд Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Энэхүү тэмцээнд оролцохоос өмнө "Монголын гоо бүсгүй" гэх том даваа бий. Монголын гоо бүсгүй тэмцээний хувьд ямар шалгуур тавьдаг талаар мөн хэр өрсөлдөөнтэй байдаг тухай яриагаа эхэлье?

- Миний хувьд Монголын мисс ч юм уу, дэлхийн миссийн тэмцээнд оролцох төсөөлөл, төлөвлөгөө огт байгаагүй. Намайг ажлынхантайгаа гадагшаа явсан байхад ээж маань "Miss Mongolia" тэмцээнд бүртгүүлчихсэн байсан. Монголын миссийн тэмцээн Дэлхийн миссийн тэмцээнээс санаа авсан байдаг. Тухайлбал, зорилготой гоо бүсгүй, оюунлаг гоо бүсгүй гэх мэтчилэн шалгаруулалт аваад хамгийн сүүлд финалын шалгаруулалт болж, тэргүүн миссээ тодруулдаг. Монголын бүхий л сайхан охид энэ тэмцээнд оролцдог. Бүгд л авьяастай, ухаантай охид оролцдог тул өрсөлдөөн ихтэй байдаг.

- Өөрийн чинь хувьд мисс болох гараа хэрхэн эхэлсэн бэ?

- Би хамгийн анх 2019 онд Манжуурын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэр л миний хувьд загварын тайзнаа гарсан анхны тохиолдол байсан даа. Манжуурын миссийн тэмцээнд орохдоо сонирхлоороо залуу хүний хувьд өөрийгөө өөр талаас нь сорьж үзэх хүсэлдээ хөтлөгдөн орж байсан. Тухайн үед Монголд урьдчилсан шалгаруулалтад орж шалгараад Манжуурын миссийн тэмцээнд Авьяаслаг гоо бүсгүйгээр тодорч, шилдэг зургаан миссд шалгарч байлаа.

- Монголын миссийн тэмцээнд ямар төрөлд амжилт гаргасны үндсэн дээр шалгарч байв?

- Миний хувьд хийж буй бүх зүйлдээ чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Тэмцээний шалгаруулалт бүр дээр өөрт байгаа бүх чадлаа дайчилж оролцож байсан. Тийм ч учраас шалгаруулалт болгон дээр амжилттай оролцсон байх. Мөн авьяаслаг миссээр шалгарсан учраас түрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Монголын миссийн тэмцээнд оролцохдоо н.Энхбаатарын дэглэлт “Гоо уянга” гэх бүжгийн үзүүлбэрээр оролцож байсан.

- Монголын миссийн тэмцээнд тэргүүн титмийн эзнээр шалгарч дэлхийн миссийн тэмцээнд оролцоод ирсэн шүү дээ. Энэ жилийн дэлхийн миссийн тэмцээнд хэдэн орны гоо бүсгүй оролцсон бэ? Мөн ямар онцлогтой болж өнгөрөв?

- Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээн 71 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэтхэг Улсын Нью-Дели болон Мунбай хотуудад болсон. Нийт 112 орны гоо бүсгүйтэй өрсөлдөөд ирсэн.

- Дэлхийн миссийн тэмцээн нэлээд шахуу хуваарьтай байдаг гэж сонссон. Энэ жилийн хувьд ч мөн тийм байсан уу?

- Би анх удаа явж байгаа тул тэр тал дээр сайн төсөөлөлгүй байсан. Гэхдээ өмнөх жилүүдийн миссүүд "ачаалал ихтэй, унтах ч зав гардаггүй, ачаалал даах чадвар сайн байх нь чухал шүү, витамин авч яваарай" гээд хэлж байсан. Очиход байдал яг л тийм байсан. Өдөр болгон л шахуу цагийн хуваарьтай завгүй явдаг. Өглөө эрт босно. Мисс учраас нүүр ам, үс, хувцсаа өөрсдөө бэлдэх ёстой болдог байсан.

Хүмүүс дэлхийн миссийн тэмцээнийг нүүр будагч, үсчинтэй байдаг гэж боддог юм шиг байна лээ. Би ч бас өмнө нь тэгж л боддог байсан. Гэтэл үгүй юм байна лээ. Бүх юмаа өөрсдөө хийсэн.

Өглөө 5:00 цагаас ихэнхдээ авч явдаг байсан тул өглөө 3:30 цагт босдог байсан. Арга хэмжээ ихэнхдээ шөнийн 12:00 цагийн үед дуусдаг. Тэгэхээр ер нь өдөр болгон л 3-4 цаг унтдаг байсан. Үүнийг давахад бүжигчин хүний хатуужил, ачаалал даах чадвар маань их нөлөөлсөн байх гэж бодож байгаа.

- Спортлог миссийн тэмцээнд Азиас ганцаараа шилдэг 8-д шалгарсан байсан. Энэ тэмцээн яг ямар шалгаруулалтаар явсан бэ?

- Спортын миссийн шалгаруулалт зохион байгуулж буй улсаас шалтгаалаад янз бүрийн төрлөөр авдаг юм билээ. Хөнгөн атлетик бол жил бүр байдаг. Энэ жил Энэтхэг Улсад зохион байгуулагдсан учраас тус улсын үндэсний спорт шахуу болчихсон критик болон талбайн хоккейн тэмцээн голлосон. Мөн хөл бөмбөг, гүйлт гэх мэтчилэн шалгаруулалтаар спортлог миссийг шалгаруулсан. Критик болон талбайн хоккей Монголд төдийлөн сайн хөгжөөгүй. Иймд урьдчилан бэлдэхэд асуудалтай байсан. Ер нь юүтүбээс харж дүрмийг нь судлаад, мэргэжлийн хүмүүсээс асууж бэлдсэн дээ. Спортлог миссийг шалгаруулахдаа эхлээд урьдчилсан шалгаруулалт авдаг. Урьдчилсан шалгаруулалт авахдаа тив тивээр нь өрсөлдүүлдэг. Миний хувьд Азиас ТОП 8-д шалгарсан. Шилдгүүдийг гүйлтээр шалгаруулсан. Үүнд ч бас бүжигчний тэсвэр тэвчээр хамгийн их тус болсон доо. Амьсгаадаад ядарсан байгаа ч гэсэн зогсохгүй үргэлжлүүлээд гүйгээд байгаа нь ялдаг.

- Авьяаслаг миссийн тэмцээнд мөн шилдэг 14-т шалгарсан. Энэ шалгаруулалтанд ямар үзүүлбэрээр оролцсон бэ?

- Би өөрөө мэргэжлийн бүжигчин учраас Авьяаслаг миссийн шалгаруулалтад маш өндөр ач холбогдол өгч оролцсон. Оролцсон бүжиг маань МУСТА, Үндэсний урлагийн ерөнхий бүжиг дэглээч н.Хашхүүгийн дэглэлт “Цаст уулын охин” гэх бүжгийг дэлхийн миссийн тэмцээнд зориулж дэглүүлсэн. Авьяаслаг миссийн шалгаруулалт миний бодлоор бусад шалгаруулалтаас илүү нарийн болдог юм билээ. Маш олон шат дамжлагийг давж, Дэлхийн миссийн тайзнаа "Цаст уулын охин" бүжгээ гурван удаа толилуулсан. Мөн үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан.

Ялагчдыг зарлах гээд хүлээж байхад бүгд “Mongolia” гээд орилж байгааг сонсоход үнэхээр их бахархсан. Өөртөө ч гэсэн маш их итгэлтэй байсан.

Шалгаруулалтаас буусны дараа үзэгчид рүү очиход бүгд надтай хамт зургаа даруулаад, баяр хүргээд “гайхалтай байлаа” гэж хэлж байсан. Мөн “энэ монгол үндэсний хувцас уу? Ямар гоё аялгуутай, гайхамшигтай бүжиг вэ. Танай Монгол оронд зочлохыг маш их хүсэж байна” гэж хэлсэн. Миний бүжгээр дамжуулаад Монгол орныг маань сонирхож, эх орны маань талаар олон сайхан зүйлийг асууж, надад урмын үг хэлж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Надад ч бас бахархалтайгаар зорьсон ажлаа биелүүлсэн юм шиг л байсан даа.

- Дэлхийн миссийн тэмцээнд маш олон орны гоо бүсгүйчүүд ирсэн байгаа шүү дээ. Үүнийг нэг талаараа эх орноо сурталчлах боломж гэж харж байгаа. Өөрийн чинь хувьд үндэсний урлагаараа дамжуулаад эх орноо сурталчлаад ирсэн байна. Мөн өөрөөр эх орноо сурталчлан таниулах зүйл юу хийсэн бэ? Монголын талаар ямар байр суурьтай хүмүүс байв?

- Тэнд очсон цагаасаа эхлээд Б.Болор гэдэг нэрээр бус Монгол гэх нэрээр овоглосон. Бүхэл бүтэн Монгол улсынхаа нэрийг өмнөө бариад явж байгаа учраас алхам тутамдаа өөрийгөө цэгнэж байсан. монгол эмэгтэй хүнийг бүх зүйл дээр хариуцлагатай, чамбай, ухаантай, тэсвэр тэвчээртэй, эмх цэгцтэй, эрхэмсэг байдаг гэдгийг бусад орны миссүүд, зохион байгуулагчид, үзэгчдэд ч мэдрүүлэхийг хүссэн. Мөн монгол эмэгтэйчүүд аливаа зүйлийг маш хурдан сурдаг юм байна гэж бодсон. Тухайлбал миний хувьд бүх бэлтгэлээ жигд сайн хангасан байсан. Зарим орны миссүүд зарим зүйлдээ сайн анхаараад заримыг нь чухалчлалгүй орхисон байх жишээтэй. Иймд монгол хүмүүс бүх зүйл дээрээ чин сэтгэлтэй ханддаг юм байна гэдгийг мэдрүүлсэн байх. Тэр болгон дээр Монгол Улсын маань нэр л гарна шүү дээ. Миний хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн ажлыг ч бас бүх орны миссүүд сайшааж, "тэр болгон хөндөгддөггүй, эмэгтэйчүүдийн чухал сэдэв байна" гэдгийг хэлж байсан. Тэгэхээр ер нь юм юман дээр л Монгол Улсынхаа нэрийг өндөр түвшинд дуудуулж чадсан гэж бодож байна. Ер нь л Монгол Улсынхаа гайхам сайхан байгалийг л гайхуулж, зураг бичлэгийг үзүүлж байлаа. Мөн агуу их өв соёлоо өөрөөрөө болон өдөр бүр өмсөж буй хувцас хэрэглэлээрээ түгээж байсан. 

- Дэлхийн миссийн тэмцээний бас нэг чухал шалгаруулалт бол мультимедиа төрөл байдаг. Уг төрөлд Монголчууд чамгүй амжилттай оролцдог. Энэ жилийн хувьд мөн хэр байв? Өөрийг чинь дэмжиж хэр олон хүн саналаа өгсөн бэ?

- Би явахаасаа өмнө “Бид хэдий цөөхүүлээ ч гэсэн эвлэлдэн нэгдэж чадвал хүчтэй байж чаддаг шүү. Бүгд дэмжээрэй” гэдгийг уриалаад явсан. Яг л үүн шиг монголчууд маань намайг маш хүчтэй дэмжсэн. Намайг явсан өдрөөс хойш одоог хүртэл тасралтгүй дэмжсээр байгаа. Урмын үг хайрлаж, эрч хүчээр цэнэглэж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бид гуравхан сая. Харин бусад орон хэчнээн олон хүн амтай билээ. Тийм улсын миссүүдтэй өрсөлдөөд мультимедиа төрөлд топ-5 шалгарсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Иймд дараа дараагийн жилүүдэд илүү сайн төлөвлөгөө гаргаж, дэмжвэл илүү өндөр амжилт үзүүлнэ байх.

- Иргэд дэмжихээс гадна төрөөс дэмжих чухал юм шиг санагддаг. Эх орноо төлөөлөн олон удсын тэмцээнд оролцож буй миссүүдэд дэмжлэг байдаг болов уу? Сая өөрийг чинь явахад бас ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлсэн үү?

- Надад ч бас энэ маш чухал юм шиг санагдсан. Бусад орны миссүүдтэй сошиалаар дагалцаад, нэгнээ мэдсэн. Бусад орны миссүүдийг харахад ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь хүлээж авч уулзаад, дэмжлэг үзүүлсэн байсан. Манай улсын хувьд дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй миссүүдэд улсаас үзүүлэх дэмжлэг байдаггүй юм байна лээ. Цаашдаа байдаг болоосой гэж хүсэж байна. "Miss World" тэмцээнийг спортоор яривал гоо сайхны олимп шүү дээ. Энэ том тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссийг улсаас бага ч гэсэн дэмжиж туславал маш том тус болно. Бэгтгэл ажлын хугацаанд маш олон асуудлууд тулгардаг.

Ганцаараа явахаар зүтгээд, бүх зүйлд амжилттай оролцоно гэдэг их асуудалтай байдаг юм байна лээ. Давж гарахад ч бас хэцүү байсан. “Би одоо юу хийгээд байна аа. Болих уу” гэж бодсон үе ч бий. Гэхдээ энэ бол хүн болгонд олдох хувь заяа биш учраас энэ том тэмцээнд хариуцлагатай оролцож эх орныхоо нэрийг өндөрт гаргана гэж бодож, их хичээсэн дээ.

- Зорилго бүхий гоо бүсгүй төрөлд ямар төслөөр оролцсон бэ?

- Дэлхийн миссийн тэмцээний зорилготой гоо бүсгүй бол чухал шалгуурын нэг. Миний хувьд энэ жил “Нандин” төслөөр оролцсон. Энэ нь өсвөр насны хүүхдүүд ялангуяа охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн төсөл байсан. Төсөл маань их сайн үнэлгээ авсан. Бусад улсын миссүүд ч надад тусгайлан баяр хүргэсэн. Мөн нэг зүйлийг нэмж дурдахад, бусад орны миссүүд 2022 онд шалгарсан миссүүд байсан. Гэтэл миний хувьд шалгарснаасаа хойш дөрвөн сарын хугацаанд л бэлдсэн. Энэ хугацаанд ганцхан хүмүүнлэгийн ажил хийхгүй. Өөр олон ажил хийж байсан учраас цаг хугацаа их давчуу санагдсан. Тэгэхээр манай улсын миссийн тэмцээн ядаж найман сарын өмнө зохион байгуулагддаг байвал илүү өндөр амжилттай оролцох боломжтой гэж бодож байна.

- Miss World тэмцээнд Чехийн мисс түрүүлсэн шүү дээ. Оролцож буй миссүүдийн хувьд ер нь түрүүлэх магадлалтай гэж бодож, таамаглаж байсан оролцогч байсан уу? Мөн Чехийн миссийн хувьд ямар төрөлд давамгайлаад түрүүлэх болов?

- Ер нь оролцогч бүсгүйчүүд маань маш хүчирхэг байсан. 112 орны гоо бүсгүйчүүдтэй хамт байхад маш олон зүйл сурсан. Тэр хүмүүс ч надаас олон зүйлийг сурсан байх. Тэр орны мисс түрүүлэх байх гэсэн таамаглал алинд нь ч байгаагүй. Гэхдээ шилдгүүдэд энэ мисс үлдэх болов уу гэсэн таамаг байсан. Түрүүлсэн Чех Улсын миссийн хувьд үнэхээр үзэсгэлэн гоо эмэгтэй. Түүний хувьд зорилготой гоо бүсгүйн төсөл нь маш сайн төсөл байсан нь түрүүлэхэд нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Мөн миний хувьд нэг сэтгэл дундуур зүйл байсан нь урьдчилсан шалгаруулалт дээр өндөр оноотой байсан хүмүүс шилдэг 40 рүү орж чадаагүй. Тэр өдөр шүүгчид маань ямар нүдээр харж, яаж шүүснийг мэдэхгүй юм. Ёстой л тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг нь л болсон байх.

- Монголын гоо бүсгүй гэх эрхэм хүндтэй алдрыг зүүх цаашдын нэг жил мэдээж хариуцлагатай жил байна байх. Цаашдаа ер нь ямар зорилго тавин ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

- Би жилийн дараа дараагийнхаа гоо бүсгүйд титмээ гардуулж өгнө. Тэгэхээр энэ нэг жилийн хугацаа миний хувьд хариуцлагатай жил байх нь мэдээж. Гэхдээ Монголын мисс гэх эрхэм алдрыг насан туршдаа хадгалж явах хэрэгтэй. Насан туршдаа бусдын сайн сайхны төлөө зүтгэж, уриалах болно. Мөн урлагтаа бүхий л чадлаараа хүчин зүтгэнэ. Түүнчлэн өөрийнхөө “Нандин” төслийг цар хүрээг нь улам тэлээд, өргөжүүлж, нэмэлт олон зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Яг ойрын хувийн төлөвлөгөө гэвэл мэргэжлээ дээшлүүлж, Герман Улсад суралцахаар бэлтгэж байгаа.

- Нийт эмэгтэйчүүддээ уриалга болон дэлхийн миссийн тэмцээнд өөрийг чинь дэмжиж байсан хүмүүст талархлын үг хэлэхгүй юу?

- Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байх үе маань гайхалтай туршлага, дурсамж болж үлдлээ. Миний хувьд эмэгтэй хүний хүчирхэг байдлаар нь их бахархаж байсан. Монголд ч гэсэн хүчирхэг эмэгтэйчүүд олон бий. Би ч гэсэн тэдний нэг болж яваадаа талархаж байна. Цаашдаа ч олон сайн сайхан зүйлийг хийх болно. Мөн намайг бүхий л чин зүрхнээсээ дэмжиж урмын үг хайрлаж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Түүнчлэн Үндэсний урлагийн их театрын ажлынхаа хамт олон буюу ажлынхаа хамт олонд баярлалаа. Та нар минь миний хамгийн хүчтэй дэмжигчид байсан шүү. Мөн мэдээж хамгаас хайртай аав ээж, гэр бүл эгчдээ намайг дэмжиж арыг минь баттай дааж байсан та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

- Ярилцсан танд баярлалаа.