ВИДЕО:  Дунд голын бургасыг "хядах" ажлыг эхлүүлж, голын голдиролд барьсан “Авлига” хорооллын асуудлыг мартав

ВИДЕО: Дунд голын бургасыг "хядах" ажлыг эхлүүлж, голын голдиролд барьсан “Авлига” хорооллын асуудлыг мартав

Сэлбэ, дунд голын доторх бургасыг есөн тэрбум төгрөг зарцуулан нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийх ажил бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлэх талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Улмаар энэхүү ажил өнгөрсөн зургаадугаар сард эхэлж, Дунд голын бургасыг ухаж, шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ирэх наймдугаар сарын эхээр дуусгахаар төлөвлөж тус ажил өдгөө 60 хувьтай үргэлжилж буй. Мөн албаныхны шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчны дүгнэлттэй тул голын экосистемийг алдагдуулахгүй зөөвөрлөнө гэх үг эзэнгүй болж, Дунд голын ус бохирдож, тус голд сүүлийн таван жил өвөлжих болсон усны явууд нүүдэллээд байгаа асуудлыг бид өмнөх сурвалжилгаараа хөндсөн билээ.  Харин бид энэ удаа Дунд голын бургасыг ухаж буй ажлын явц, үерийн эрсдэлийг бууруулах улсын төсвөөр хэрэгжүүлж буй гол дагуух цэвэрлэгээний ажлын талаар сурвалжиллаа.

ВИДЕО: 

Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн зургаадугаар сард Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд комиссын шийдвэрийн дагуу иргэдийн үерийн аюулаас авран хамгаалахаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Голын голдиролд ургасан мод бургасыг цэвэрлэх олон жил хийгдээгүй ажлыг шуурхай хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Харин модыг зөвхөн өвөл болон зуны улиралд л шилжүүлэн суулгах ёстой байдгийг экологи судлаачид хэлж буй. Ялангуяа механикаар тайрч авсан бургасыг дахин шилжүүлж тарина гэдэг нь бараг боломжгүй аж. Өөрөөр хэлбэл Дунд голын бургасыг Туул голын дагуу шилжүүлэн суулгана гэдэг нь өмнөх “голын экосистемийг алдагдуулахгүй” гэдэг шиг бас л худлаа үг байж болзошгүй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “Тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөн” санаачлан хэрэгжүүлж буйгаа зарлаж эл ажил ч үргэлжилж буй. Гэтэл нийслэлийнхэн Улаанбаатар хотын цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг тэр дундаа нийслэлийн төв хэсэгт урсдаг Дунд голын 20,30 жил хөндөгдөөгүй бургасыг халуун зунаар техникээр сугалж, хар усны тохой буюу туул гол дагуу шилжүүлэх ажлыг хийж, өдгөө Дунд голын зарим хэсэг шар шавар, өмхий үнэр болон үлджээ.

Өнгөрсөн жилийн үер Нийслэлчүүдийн амь нас, эд хөрөнгө дээсний дөрөөн дээр байгааг харуулж, иргэд, ААН-үүд баггүй хохирол амссан. Улмаар үүнээс хойш голын үерийн эрсдэлийг бургуулахын тулд голын голдиролд баригдсан зарим барилгыг буулгах захирамж гарч, далан барих тухай яригдсан. Харин өдгөө далан барих ажлыг эхлүүлж байгаа гэх. Ингэхдээ дээрх ажлын хүрээнд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байж болзошгүй байгаа. Үүний дийлэнх нь зөвхөн голуудыг цэвэрлэх мөс, бургас, лаг шавар зөөхөд зарцуулагдсан байж магадгүй байна.

Тухайлбал, Өнгөрсөн гуравдугаар сард Шар усны үерээс сэргийлж, Сэлбэ голоос 214,740 тонн мөс зөөсөн. Тодруулбал, Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-наас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж, 214,740 тонн мөсийг 10,737 рейсээр зөөн тээвэрлэж, Туул голд буулгажээ. Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажилласан байна. Мөн Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр ажлыг ийнхүү хийсэн юм. Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс Сэлбэ голын мөс халиа тошин үүсгэж байгаа хэсгийг “зохицуулах” чиглэлийг Нийслэлийн захирагчийн албанд өгч. Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү чиг үүргийнх дагуу УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж тус асуудлыг шийдвэрлэх үүрэг өгснөөр дээрх ажил эхэлсэн байдаг.

Харин уг ажлын төсөв өртгийг ашигласан машин, ачилтын зардлаар нь тооцоолон үзвэл 2.3 орчим тэрбум төгрөг болж буй. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Харин одоо хэрэгжүүлж буй Дунд голын бургасыг сугалж, хаях ажилд 9 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа хэмээн яригдаад буй.

Сануулахад, Хотын дарга Х.Нямбаатар, Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж нар үерийн эрсдэлээс хамгаална хэмээн голын голдиролд ургасан мод бургасыг шилжүүлэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Харин үерийн эрсдэлийг нэмэгдүүлж буй томоохон хүчин зүйл гэгдэх голын голдиролд баригдсан "Авлига хороолол" буюу  "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокийг нь албадан нураах захирамж гараад жил болсон ч өдгөө эл асуудлыг яагаад хэн нь ч ярихгүй байгаа вэ.