Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, "Парис 2024" зуны олимпод оролцох эрхээ авсан ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг "Монголын Үндэсний олимпын хороо" нь "Олон улсын Олимпын хороо"-нд дутуу явуулснаас болж, тэд 10 метрийн хийн буудлагын төрөлдөө оролцох боломжгүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл уг асуудлаар ОУХМ О.Есүгэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
-"Парис 2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ хэрхэн авсан талаар яриагаа эхлүүлье?
-Би 2023 оны буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрээс гурван байрлалд буудах дасгалд 11 дүгээр байрт шалгарч, "Парис 2024" зуны олимпод оролцох эрхээ авсан. Буудлагын спортод Дэлхийн аваргын эхний хоёрдугаар байр болон нэг улсаас нэг тамирчин олимпод оролцох эрх авсан тохиолдолд бусад төрөлдөө оролцох эрх нь нээгддэг. Нэг үгээр хэлбэл, би Монгол Улсаас буудлагын эмэгтэй төрөлд ганцаараа эрх авсан учраас бүх төрөлдөө оролцох боломжтой болсон.
-Гэтэл өнөөдөр 10 метрийн буудлагын төрөлдөө оролцох боломжгүй болоод байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Би анх долдугаар сарын 09-ны өдөр "Олон улсын Олимпын хороо"-ны цахим сайт руу ороод олимпод оролцох тамирчдын нэрсийн жагсаалтыг харахад 10 метрийн хийн уртын буудлагын төрөлд миний болон Н.Баяраа ахын нэр байгаагүй. Эхэндээ уг жагсаалтад нэр ороод ирэх байх гээд хүлээцтэй хандсан. Хүлээсэн. Гэтэл энэ төрөлд бид хоёрын нэр орж ирээгүй. Тиймээс учрыг тодруултал МҮОХ-ноос Олон улсын олимпын хороо руу Н.Баяраа ах бид хоёрын мэдүүлгийг явуулахдаа зөвхөн "50 метрийн уртын буудлагын төрөл"-д оролцоно гэдгээр явуулснаас болоод 10 метрийн буудлагын төрөлдөө оролцох боломжгүй болоод байна. Уг нь Э.Даваахүү ахын мэдүүлэг шиг 10 метр болон 25 метрийн буудлагын төрөл гэдгээр нь задалж мэдүүлгийг нь явуулсан бол асуудал үүсэхгүй байлаа.
-МҮОХ-ноос "Тамирчдын мэдүүлгийг бүрэн явуулсан. Бид алдаа гараагүй" гэдэг тайлбар мэдээллийг олон нийтэд түгээгээд байгаа. Товчхондоо тэд хариуцлага алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгоод байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Миний хувьд ч мөн адил МҮОХ алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж харж байгаа. Тэд "Монголын буудлага спортын холбоо" МҮОХ-нд мэдүүлгээ бүтэн задалж бичиж өгөх ёстой" гэж манай холбоог буруутгаж байна лээ. Гэтэл МҮОХ 50 метрийн төрөлд эрх авсан тохиолдолд 10 метрийн төрөлд оролцоно гэдгийг мэдэж байх ёстой. Энэ ч утгаараа Э.Даваахүү ахын мэдүүлгийг бүрэн явуулсан байсан. Гэтэл өөрсдөө дур мэдээд бидний мэдүүлгийг дутуу явуулчхаад өнөөдөр бусад руу буруугаа нялзаагаад байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өөрийнхөө цахим хаягаар тайлбар мэдэгдэл хийхдээ "Биднийг нэмэлт дасгал буудах гээд байна" гэсэн агуулгатай худал мэдээлэл түгээсэн байна лээ. Тийм зүйл огт байхгүй. МҮОХ-ны алдаатай мэдүүлгээс болж, Н.Баяраа ах бид хоёр олимпод оролцох эрх авсан нэг төрөлдөө оролцох боломжгүй болоод байгаа нь л үнэн.
-МҮОХ та бүхний олимпод оролцох мэдүүлгийг нэмж засаад илгээх боломж байгаа болов уу?
-МҮОХ нь анх биднийг мэдэгдэж, 10 метрийн буудлагын төрөлд мэдүүлэг дутаа явуулсан талаар хэлэхэд л хэн нэгний алдааг шүүж, цаг алдахын оронд ОУОХ-нд хүсэлт гаргаад явуулсан бол Н.Баяраа ах бид хоёрын эрх нээгдэх боломж байсан байх. Олимп гэдэг чинь эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадам учраас хэн нэгэн тамирчны эрхийг зөрчиж, хохироохгүй үлдээх арга хэмжээ авах байсан гэж би харж байгаа.
-Тэгэхээр одоо боломж байж магадгүй гэж ойлгож болох уу?
-Долдугаар сарын 08-ны өдөр мэдүүлэг авах сүүлчийн хугацаа байсан. Тиймээс би маргааш нь жагсаалтаас нэрээ хайгаад олоогүй учраас үүнийгээ МҮОХ-нд мэдэгдсэн. Тухайн үед нь арга хэмжээ авсан бол боломж илүү байх байсныг үгүйсгэхгүй. Одоо бол энэ боломж бараг үгүй болж байгаа байх. Гэхдээ эцсийн мөч хүртэл итгэлээ найдвараа алдахгүй, боломж байгаасай л гэж хүсч, залбирч байна.
-Олимпын эрх авна гэдэг тамирчин хүний хувьд асар их хүч, хөдөлмөр. Гэтэл хэн нэгэн хариуцлагагүй албан тушаалтан, эрх бүхий байгууллагын алдаанаас болоод олимпын эрхээ хасуулна гэдэг үнэхээр харамсалтай санагдаж байна?
-Харин тийм ээ. Миний хувьд ч мөн адил үнэхээр харамсалтай байна. Олимпод оролцохын тулд дөрвөн жил бэлтгэл хийдэггүй. Спортоор хичээллэж эхэлсэн цаг үеэсээ эхлэн бэлтгэгддэг. Мэдээж олимп гэдэг тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Энэ эрхийг олж авахын тулд ямар их золиос, хүч хөдөлмөр зарцуулдаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл МҮОХ яагаад тамирчныхаа эрхийг хамгаалахгүйгээр өөрсдийнхөө нэр төрийг тэргүүнд тавиад байгааг үнэхээр ойлгохгүй, үнэхээр их гомдож байна.
-МҮОХ "ТАНАЙ ХОЛБОО БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БИЧГЭЭ ИРҮҮЛБЭЛ БИД ЦААШАА МЭДҮҮЛГЭЭ ЗАСАХ ТАЛААР АЖИЛЛАНА" ГЭЖ ХЭЛСЭН-
-МҮОХ-ноос та бүхэнтэй холбогдсон уу. Мэдүүлгийг нь дутуу явуулсан гэдгээрээ уучлалт гуйсан болов уу?
-Монголын үндэсний Олимпын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган над руу нэг удаа залгаж, ярьсан. Ингэхдээ "Танай Буудлагын холбооны буруу. Танай холбоо буруугаа хүлээн зөвшөөрсөн бичгээ ирүүлбэл бид цаашаа мэдүүлгээ засах талаар ажиллана" гэх утгатай зүйл хэлсэн. Уг нь яг ийм байдал дээр хэн нэгний бурууг шүүж суухаар тамирчдаа олимпод оролцуулах тал дээр нэн яаралтай ажиллах ёс зүйтэй байх ёстой гэж бид бодож байна. Гэтэл эрх бүхий хүмүүс яагаад, ямар учир шалтгааны улмаас ийм зүйл яриад одоог хүртэл арга хэмжээ авахгүй байгааг үнэхээр гайхаж, үнэндээ ойлгох ухаан ч хүрэхгүй байна.
-Тэгэхээр "Монголын буудлага спортын холбоо"-ных нь зүгээс энэ талаар ямар тайлбар, мэдээлэл өгдөг юм бэ?
-Манай "Монголын буудлага спортын холбоо" өөрсдийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээгээ хангалттай авч байгаа. Холбооны зүгээр ОУОХ руу мэйл бичиж, МҮОХ руу өдөр бүр очиж, зохих албан тушаалтнуудтай нь уулзаж, ярилцаад явж байгаа.
-Хариуцлагагүй хүмүүсийн алдаанаас болж, нэг төрөлдөө оролцож чадахгүй болсон явдал сэтгэл зүйд нь нэлээд хүнд тусаж байх шиг байна?
-Тэгэлгүй яах вэ. Бүх зүйлээ зориулаад би чадна, болно, хичээнэ гэдэг зүйлийг өөртөө тээгээд дэлхийн шилдэг 30 тамирчны нэг болж, хийн буудлагын төрөлд оролцох эрхээ авсан. Гэтэл нэгхэн хүний буруутай үйлдлээс болоод өөрийнхөө энэ их боломжийг алдаж байна гэдэг үнэхээр харамсмаар, гомдмоор зүйл болоод байна.
-Таны хувьд хэдэн жил буудлагын спортоор хичээллэж байна вэ. Энэ талаараа сонирхуулж яриач?
-Би 2013 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Харин спортоор бол 11 настайгаасаа хойш хичээллэж байгаа.
-Анх яагаад буудлагын спортоор хичээллэх болов. Мөн багш нарынхаа талаар яриач?
-Би анх биатлоны спортоор хичээллэдэг байсан. Тухайн үедээ буудлагаа сайжруулахын тулд буудлын төв дээр очиход н.Энхжаргал багш маань намайг "Чи их авъяастай хүүхэд байна. биатлон болон буудлагын спортоо хослуулан хичээллэх хэрэгтэй" гэдгийг хэлсэн. Энэ дагуу буудлагын спортод хөл тавьж, өглөө нь биатлоны орой нь буудлагын бэлтгэлээ хийдэг байсан. Ингээд л аажмаар буудлага руугаа илүү орсон доо.
-Одоо яг хаана байгаа бол. Бэлтгэл сургуулилт нь хэр хангагдаж байна вэ?
-Манай баг тамирчид Австри улсад олимпийнхоо бэлтгэлээ хангаж байна. Бид бүхий л бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-Эцэст нь танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Энд би нэг л зүйлийг хичээнгүйлэн хүсч хэлмээр байна. Өнөөдөр хэн нэгнийг буруутгаж, алдаа оноог тэнслэхээс илүүтэй Монгол Улсын нэр хүнд, монголын тамирчид олимпын эрхээ алдах уу үгүй юу гэдэг асуудал нь хамгийн чухал болоод байна. Тиймээс МҮОХ Н.Баяраа ах бид хоёрын олимпод оролцох нэг төрлийн мэдүүлгийг дутуу явуулж, алдаа гаргаснаа залруулж, ОУОХ-нд бидний мэдүүлгийг нөхөж явуулах ажлыг шуурхай зохион байгуулж өгөөч гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна.