Манай улсын 33 тамирчин "Парис 2024" зуны олимпод оролцохоор эрхээ аваад байсан ч Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны хариуцлагагүй байдлаас болж хоёр тамирчины 10 метрийн хийн буудлагын төрөл нь хасагдаж, зуны олимпод ганц төрлөөр оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Харин уг мэдээллийн дараа МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дээрх мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл хийсэн юм.
Тэгвэл үүсээд буй асуудлын талаар О.Есүгэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Миний бие монгол улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн нь 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах 50 метрын 3*20 дасгалд парис 2024 олимпын эрхээ авч байсан. Нэг дасгалд эрхээ авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороон нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан. Үндсэндээ 10м-ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа юм. Би ахиж нэмж орох гэсэн юм бол байхгүй. Орох ёстой зүйлдээ ормоор байна. Энэ үл ойлголцлоос болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна" гэж мэдэгдлээ.
Үүнтэй холбоотойгоор МҮОХ мэдэгдэл гаргаж, "О.Есүгэн, Н.Баяраа нарыг хугацаанд нь бүртгүүлсэн. Олимпын наадамдаа оролцоно" гэж мэдэгдсэн нь алдаа гаргаснаа үл ойшоож байгаа хэлбэр юм.
О.Есүгэн нь 2023 оны Азербайжаны Баку хотноо болсон Буудлага спортын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд цэц мэргэнээ сорьж, 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд "Парис-2024" олимпын Монголын багийн анхны эрхийг эх орондоо авчирсан билээ" гэжээ.