Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тамгаа гардан авлаа

Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тамгаа гардан авлаа

Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Оюунсайханы Алтангэрэлийг томилсон захирамжийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.07.10) гардуулан өгч, амжилт хүслээ. Шинээр томилогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
 
Товч намтар
  • 1981 онд Өвөрхангай аймагт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг
  • 1998 онд Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургууль,
  • 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч,
  • 2017 онд Монгол Улсын Их Сургуулийг Төрийн удирдлагын магистр, эрх зүйн магистраар төгссөн, хуульч мэргэжилтэй

Ажлын туршлага

  • 2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицер,
  • 2007-2024 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
  • 2012-2014 онд Хууль зүйн яаманд Бодлого, зохицуулалтын газрын дарга,
  • 2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хороонд Ёс зүйн хорооны дарга,
  • 2023 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байна. Улсад нийт 20 жил ажиллаж буй туршлагатай.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд тамга гардуулан өгөх үеэр “Өнгөрсөн жилүүдэд хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, цалин хангамжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг тогтвортой байлгах чиглэлд амжилттай ажилласан. Техник технологийн хүрээнд нэлээн олон шинэчлэлүүд хийгдсэн. Миний хувьд 7 сарын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах боломж тохиосонд хичээн ажилласан. Яамныхаа удирдлагын баг, хамт олон, харьяа байгууллага, агентлагийн дарга нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр бид сэтгэл зүрх нэгтэй, амрах завгүй ажилласан цаг хугацаа байлаа. Төрийн ажил тасралтгүй, тогтвортой явах ёстой. Тэр ч утгаараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд тусгай чиг үүрэг бүхий цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын аливаа томилгоонд хөндлөнгөөс оролцохгүй гэдэг зарчмыг баримтлан ажилласан. Энэ ажлыг тогтвортойгоор 5 жил хэвшүүлж чадвал тусгай албад улс төрийн нөлөөллөөс ангижирч “хувь хүн биш хууль засаглах” боломж бүрдэнэ хэмээн үзэж, улс төрийн манлайлал үзүүлсэн. Таны улс төрийн замнал, энэ хүндтэй бөгөөд ачаа ихтэй, хариуцлагатай сайдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Б.Энхбаяр сайдаас энэ ажлыг хүлээн авч байгаагаа бэлгэшээж байна. Учир нь Б.Энхбаяр сайд хуулийн салбарт өөрийнхөө манлайлал, үлгэр дуурайллыг бий болгож чадсан. Мөн сайдаар ажиллах богино хугацаанд Монгол төр, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй хууль бус үйлдлүүдийн талаар зоригтой дугарч, шүүмжилж байсныг ажлаа авч буй энэ үед зориуд онцлон хэлье. “Хуулийн салбар хуульчдаа хүндэтгэж, хуулиа дээдэлж байж хөгжинө” гэдэгт энэ системд 22 дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд би эргэлздэггүй. Б.Энхбаяр сайдынхаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэлээ.