Б.Дарийм: Эмэгтэйчүүдэд урам өгөхөөр 27 кг жин хасаж, “Мисс Монголиа" тэмцээний шилдэг найман оролцогчийн нэг болж чадсан /ВИДЕО/

Б.Дарийм: Эмэгтэйчүүдэд урам өгөхөөр 27 кг жин хасаж, “Мисс Монголиа" тэмцээний шилдэг найман оролцогчийн нэг болж чадсан /ВИДЕО/

Эмэгтэй хүн бүр өөртөө итгэлтэй байж цаг ямагт өөрийгөө хайрлаж байх агуулгыг бусдад таниулахыг зорьж, зоригтой шийдвэр гарган миссийн тэмцээнд оролцож, тун амжилттай яваа нэгэн охиныг бид энэ удаагийн “Social ID” буландаа урьж оролцууллаа. Түүнийг Б.Дарийм гэдэг. Тэрбээр “Мисс Монголиа 2024” тэмцээнд оролцож, шилдэг найман монгол бүсгүйн нэгээр шалгараад байгаа юм.

Түүнийг “тарган байж байгаад 27 кг хасаж, турсан охины тухай” бичлэгээр та бүхэн таньж магадгүй. Тэрбээр унаган махтай, тарган байсан ч өөртөө зорилго тавин амжилттайгаар 27 кг жин хасаж чадсан бөгөөд бусад эмэгтэйчүүдэд өөрийгөө хайрлахын давуу тал болоод эмэгтэй хүн бүр ямар үнэ цэнтэй вэ гэдгийг харуулж, тэдэнд урам зориг өгөх үүднээс миссийн тэмцээнд оролцож, шилдэг найман монгол охины нэгээр шалгараад байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Анх “Мисс Монголиа” тэмцээнд оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Бусад охидын л адилаар жоохон байхдаа мисс болох мөрөөдөлтэй, орны даавуугаар өөрийгөө ороогоод, ээжийнхээ өндөр өсгийтийг өмсөөд явдаг байлаа. Ер нь багаасаа унаган махтай байсны дээр том болоод ч нэлээд жин нэмсэн. Хэдий тийм байсан ч дотроо мисс болох мөрөөдлөө тээсээр явсан. Харин энэ удаагийн миссийн тэмцээнд орох эхлэлийг нэг ойрын найз маань тавьсан гэх юм уу. Тэр хүн, “Мисс гэдэг чинь цаанаасаа мисс болохоор төрчихсөн хүмүүсийн л хийдэг зүйл биз дээ. 14, 15 настайгаасаа л цойлоод гараад ирдэг юм байна лээ. Цаанаасаа л царай зүс сайтай, нуруулаг хүмүүс л мисс болдог биз дээ” гэж хэлснийг сонсоод муухай санагдсан. Би өндөр, туранхай биш ч гэсэн хичээх юм бол чадахгүй гэж үү гэсэн бодол төрсөн. Тэгээд л хичээж эхэлсэн. Одоо ч гэсэн хичээгээд л явж байгаа. Миссийн тэмцээний финалын шат долдугаар сарын 6-нд болно. Догдлоод байж байна даа.

-Өөрийг чинь их жин хасаж, турсан тухай бичлэгээр нь хүмүүс багагүй мэддэг болсон. Нийт хэдэн кг жин хассан бэ. Мөн турсан аргаасаа бусдад хуваалцахгүй юу?

-Миний хувьд хамгийн ихдээ 76 кг жинтэй байсан. 76 кг-аас 48 кг болж, 28 кг жин хассан байна. Гэхдээ энэ нь нэлээд урт хугацааны процесс л доо. 3-4 жилийн хугацаанд интернэтээс хурдан турах арга гэж хайгаад гарч ирсэн хайлт болгоныг л өөр дээрээ туршдаг байлаа.

Цагаан гааны боолт хийж, гэдсээрээ битүү түрхээд, хүнсний скочоор биеэ ороож түлээд л янз бүрийн арга хэрэглэсэн. Мөн өндөгний дэглэм, байцааны дэглэм, кето дэглэм гэх мэтчилэн барьж үзээгүй дэглэм, хийж үзээгүй арга, явж үзээгүй фитнес гэж бараг л үлдээгүй байх аа.

-Турах гэдэг амархан зүйл биш шүү дээ. Шантармаар, хэцүү үе мэдээж байсан л биз дээ?

-Турах тийм амархан байгаагүй. Турахаар хүний арьс ч бас суларчихдаг юм байна лээ. Унжсан арьсаа чангалах процесс ч бас хэцүү байсан. Шантармаар хэцүү үе олон байсан ч  махлаг, тарган байх үеэ бодоод тэсдэг байлаа. Бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч хэцүү байсан үеэ хамгийн түрүүнд боддог байсан даа. Угаасаа л амархан зүйл гэж байхгүй гэдгийг ойлгосон. Турсны дараа бол өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Хөдөлгөөн ч илүү хөнгөн шингэн болоод ирсэн дээ. Бас туранхай байх нь эрүүл байх гэдэг бас нэгэн гоо зүй юм байна гэдгийг л ойлгосон доо.

-Тарган байх үе болон туранхай байх үед хүмүүсийн харилцах хандлага өөрчлөгдсөн үү? Бусдаас ирж байгаа хандлага, сэтгэгдэл өөрт чинь хэрхэн нөлөөлдөг вэ?

-Мэдээж маш их өөрчлөгдсөн. “Ямар хөөрхөн юм бэ, ёстой мундаг байна, үлгэр жишээ болоод явж байгаад нь баяр хүргэе. Турах талаараа зөвлөгөө өгөөрэй” гэж маш олон хүн хэлсэн. Хүн угаасаа сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ.

Би бол жаахан юманд баярлаж, жаахан юманд гомдож, гутардаг хүн. Үүнийгээ сүүлийн хэдэн жил барих гэж хичээж байгаа ч бид хүний хорвоод л амьдарч байгаа учраас яалт ч үгүй бие биенээсээ хамааралтай байдаг. Үнэхээр л хүнд гоё, сайхан үг хэлж чадахгүй бол юм яриад яах вэ дээ гэж л хэлмээр санагддаг даа.

-Хамгийн хэцүү байсан үеэсээ хуваалцахгүй юу?

-Өсвөр насандаа сэтгэлийн шарх авч байсан нь хамгийн түрүүнд санаанд бууж байна. Тэр үед нэг хүүхэдтэй үерхэж байгаад гадаад төрхөөсөө болоод хаягдаж байсан. Тухайн үед сэтгэл санаагаар унаад, “А” авдаг байсан хичээлүүд маань жигдхэн “Б” болоод ирсэн. Түүнээс хойш тураад, илүү өөртөө итгэлтэй болонгуут буруу хараад явсан хүмүүс эргээд хардаг юм байна лээ.

-Гадаад төрхөөсөө болоод өөртөө итгэлгүй, гутранги үзэлтэй болсон өсвөр насны маш олон охидууд байдаг. Өөрийн чинь миссийн тэмцээнд оролцож байгаа бас нэг шалтгаан нь энэ хүмүүст урам өгөх гэж харж байгаа. Өсвөр насны охидуудад хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Хэдхэн жилийн өмнөх өөр дээрээ эргээд очих боломж олдвол махлаг гэж гоочлуулдаг байсан өөрийгөө халуун дулаанаар тэврээд “Чамайг үнэхээр гоё ирээдүй хүлээж байгаа. Чиний дотор юу нуугдаж байгаа гэдгээ чи өөрөө ч мэдэхгүй байна. Юунд ч битгий санаа зов” гэж хэлмээр санагддаг. Гэхдээ энэ боломжгүй зүйл шүү дээ. Тийм учраас өсвөр насан дээрээ яваа дүү нартаа хандаж хэлэхэд чиний дотор асар их хүч байгаа учраас өөртөө итгэлтэй байж, өнөөдөртөө жаргалтай байгаарай гэж хэлмээр байна.

-Өөрийн чинь хувьд миссийн тэмцээнд оролцохдоо өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?

-Хүмүүс миссүүдийг харахаараа зүгээр л нэг хөөрхөн хүүхнүүд байдаг юм биш үү гэдэг. Миссүүдэд нийгэмд хүргэхийг хүссэн маш олон агуулга байдаг. Гол нь миссүүдийг харах хүмүүсийн хандлага өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

Би ер нь бүхий л талаараа маш их хичээсэн. Наад зах нь олон улсын тэмцээнд явахад хэлгүй байж болохгүй гэж бодоод англи хэлээ сурсан. Одоо хятад хэл сурч байгаа. Манай мисс эгч нар ч гэсэн үнэхээр үлгэр жишээ, ухаалаг хүмүүс байдаг. Үүнийг бас хүмүүс ойлгож, мэдээсэй гэж хүсэж байна.

-Миссийн тэмцээнд оролцоход хамгийн хэцүү зүйл юу байна вэ. Мөн ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Миний хувьд миссийн тэмцээнд оролцоход сэтгэл зүй үнэхээр чухал юм байна гэдгийг ойлгож байгаа. Гадаад төрхөө бэлдэх гэхээсээ илүүтэй сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал юм байна лээ. Тухайлбал оролцогч охидуудтайгаа өөрийгөө харьцуулж хараад өөрөөсөө өндөр хүмүүсийн дунд орохоор ч юм уу санаа зовох, сэтгэлээр унах зүйлс их байдаг юм байна. Ер нь сэтгэл зүйгээ сайн бэлдээд нугарч, хугарахгүй байх нь чухал юм байна гэдгийг л ойлгосон доо. Хамгийн ойрын зорилго гэвэл миссийн тэмцээндээ амжилттай оролцож, титэм авмаар байна. Мэдээж охин болгоны л мөрөөдөл шүү дээ.