СУРВАЛЖИЛГА: 300 хүүхдийг шинэ гутлаар баярлуулсан НАРАНТУУЛ захын худалдаа эрхлэгчдийн эгэл яриа

СУРВАЛЖИЛГА: 300 хүүхдийг шинэ гутлаар баярлуулсан НАРАНТУУЛ захын худалдаа эрхлэгчдийн эгэл яриа

Эх үрсийн баяраар 120 гаруй хүүхдэд ганган, дэгжин шинэ гутал бэлэглэсэн Нарантуул захын гутлын худалдаа эрхлэгч залуустай бид энэ удаа уулзаж ярилцлаа. Тэд биднийг очиж буйг мэдсэнгүй, гэнэтхэн л камер, микрофон болсон хүмүүс ирэхэд сандралдаж “Ийм юм болно гэж төсөөлсөнгүй, юу ярих билээ дээ бид” гэсээр лангуу лангууныхаа ард орж хэсэг зугтан гүйв. Тэгснээ ярилцаж байгаад хамгийн том эгч А.Гантуяагаа бидэнтэй цөөн хором ярилцуулахаар тохиров.

А.Намуунцэцэг, А.Гантуяа нар бол эгч дүүс, харин Н.Долгорсүрэн нь тэдний бэр. Ингээд эдгээр бүсгүйчүүд өөрсдийн нөхрүүдийн хамтаар бяцхан хүүхдүүдийг баярлуулахаар шийджээ. Хүүхдийн баяр болохын өмнөх өдрүүдэд баярын гоёлоо авахаар Аннатай, Элсатай, Пеппа тооройтой, цэцэгтэй, Хүн аалзтай гутлуудад нүд унаган явах багачуудад гэнэтхэн л гоёж боосон бэлгийг гутал зарж байсан эгч, ах өгнө. Үнэгүй өгнө. Гутал авах мөнгө нь хүрэхгүй, хүссэн ч боломжгүй тэдгээр хүүхдүүдийн баярласан, талархсан, гайхсан харцыг харах нь тэдэнд жаргал.

Ах эгч нар өөрсдийн лангуунд зарагдаж буй гутлуудаас хамгийн чанартай гэсэн гутлуудыг сонгон бэлэглэжээ. Нэг гутал 25-30 мянган төгрөгийн үнэтэй 300 гаруй гутлыг багачуудыг баярлуулахаар бэлдэв.

Зүгээр л нэг гутал гаргаад өгчихсөнгүй, тэд гутал бүрийг бэлгийн уутанд хийж, хичээнгүйлэн боож, сэтгэл гаргасан нь харагдаж байв. Учир нь тэд “Хүүхэд насанд шинэ юм авах тэр гоё мэдрэмж ямар байх ёстой, яг л тийм байлгахыг хүссэн” хэмээн хэлж байв.

Тэд зөвхөн энэ удаа ч биш, заримдаа амьдралын боломж тааруухан, гутал үзээд явж байгаа ч харах царайны хямд гутал хайж яваа, муу гуталтай хүүхдийг хараад баярлуулахыг хүссэндээ бас л бэлэглэчихдэг тухайгаа учирлаж байв. Энэ удаа л тэд өөрсдийн хийсэн ажлыг фэйсбүүктээ постолсон нь ийн олон хүний талархлыг хүртэж, цаашид жил бүр энэ ажлаа уламжлал болгоно хэмээн баярлаж ярьсан юм.

А.Гантуяа:

ӨГЬЕ ГЭВЭЛ ӨРЦНӨӨСӨӨ Ч...

-Зургадугаар сарын 01-ний өдөр та бүхэн нэгдэж 120 хүүхэд баярлуулсан гэсэн. Ийм санааг хэн тань анх гаргаж, хэрхэн дэмжиж, санаачилсан бэ?

-Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Би Нарантуул олон улсын худалдааны төв дээр бизнес эрхлээд гурван жил орчим болж байна. Хүүхдийн гутлаар дагнаж ажилладаг. Миний эрхэлж буй бизнес тийм ч том биш, дундаж зэрэгтээ л ордог. Гэхдээ хүнд сэтгэл байгаа. Ийм олон хөөрхөн хүүхдийн гутал зардаг, биднээр дандаа л хүүхдүүд үйлчлүүлдэг. Тийм болохоор ч бид нэгийг боддог. Зургадугаар сарын 01-нд хүүхдийн баяр тохиож хүүхдүүдийг баярлуулъя гэж шийдэж тавдугаар сарын 26-31-ний өдрүүдэд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Нийт 300 хүүхдэд гарын бэлгээ бэлдэж өгсөн. Мөн асрамжийн газрынхан болоод амьдралын боломж тааруу хүүхдүүдэд 50 ширхэг гутал бэлэглэсэн.   

-Бэлэг өгөх хүүхдүүдээ хэрхэн сонгосон юм бэ?

-Бид аль болох амьдралын боломж тааруу, хүсэл мөрөөдөл нь байгаа ч авч чадахгүй байгаа хүүхдүүдэд гутлаа бэлэглэсэн. Гэхдээ зүгээр л өөрийнхөө фэйсбүүк хуудаст мэдээлэл тавьчихсан болохоос энэ олон хүний сэтгэлд хүрч талархал хүлээнэ гэж бодсонгүй. Одоогийн байдлаар намайг 6000 гаруй хүн дагасан байна. Тэд надад, бидэнд маш их талархлын үгс хэлсэн нь сайхан санагдсан.

-Бэлэг өгсөн хүүхдүүд баярласан сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байв?

-Маш их гайхаж байсан. Үнэгүй өгч байгаа гэтэл “Үнэгүй юм гэж байдаг юм уу” гэж хүүхдүүд асуух нь ч таарсан.

-Та бүхний эргэн тойрны хүмүүс энэ сайн үйлийг чинь сонсоод юу хэлэв?

-Хэдийгээр наймаа хийж байгаа ч хүнд өгөх сэтгэл байх ёстой гэж бодон дүү нартайгаа ярилцаж энэ бэлгүүдийг бэлдсэн. Тэдгээр өдрүүдэд манайхнаас үлгэр жишээ авсан ганц нэг улс үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд чихэр, бэлэг өгсөн гэж хэлж байсан шүү.

-Бизнес эрхлэгч та бүхэнд мөрөөрөө бизнесээ эрхлээд явахад хүндрэлтэй зүйл тохиож байна уу?

-Нэг их хүндрэлтэй гэх юмгүй ээ. Нарантуул зах маань угаасаа л ийм задгай талбайд байдаг онцлогтой. Хүйтэн үедээ хүйтэн, боломжтой үедээ ч боломжтой. Энэ газраасаа л бид ар гэр бүх амьдралаа залгуулдаг. Маш их баярлаж явдаг даа энэ газарт.

Мөн тэд хэлэхдээ “Бизнес эрхэлж байна уу, үгүй юу хамаагүй. Өгье гэвэл өрцнөөсөө ч... гэж үг байдаг шүү дээ. Заавал том том юм ярихгүй, жижиг ч гэсэн тус хэн нэгэнд маш чухал асуудлыг нь шийдэж өгч байдаг шүү дээ. Тиймээс бага гэж гололгүй тус хүргэж байвал” хэмээлээ.