Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цолыг хүртсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн. Улмаар уг асуудал спортын шат шатны байгууллагуудаар дамжиж, эцэст нь Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаас өмнө Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлиг гаргаж магадгүй байна. Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийг цолыг ирэх наадмаас өмнө нөхөн олгох саналыг МУ-ын Ерөнхийлөгчид уламжилжээ. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол хураах, нөхөн олгох зарлиг гаргаснаар эл маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ:
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно
Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.