Цахим орчинд гар дээрээ цэвэр 210 суниасан 13 настай охины бичлэг олныг гайхшруулсан. Тэрээр "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр" төв талбай дээр болсон гар дээр суниалтын тэмцээнд орж 210 суниан, бие бялдар, спортын гайхамшгийг үзүүлжээ. Түүний хувьд хамтлагаараа Австрали улсад зохиогдсон онлайн олон улсын циркчдийн фестивалийн алт, ОХУ-д зохиогдсон олон улсын эмэгтэй циркчдийн фестивалиас тус тус Гран-При шагнал хүртсэн бөгөөд Монголын залуу СТА-уудын нэг, мөн “Иксроузис” уран нугаралтын компаны жүжигчин, уран нугараач юм.
Нийт зургаан жил уран нугаралтын спортоор хичээллэсэн тэрээр өдөр бүр дөрвөн цагийг тууштай бэлтгэл сургуулилтандаа зарцуулдаг хөдөлмөрч нэгэн. Тиймээс ч “210 суниах тийм ч хэцүү биш. Манай хамтлагийнхан бүгд 200-с дээш суниаж чадна” хэмээн хээв нэг инээмсэглэн ярих түүнтэй бэлтгэлийнх нь зааланд очиж хэсэг ярилцлаа.
ВИДЕО:
-ГАР ДЭЭР СУНИАЛТЫН ТЭМЦЭЭНД БИ ХАМГИЙН ИХ БУЮУ 210, ХАРИН ӨӨР НЭГ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД 110 СУНИАСАН-
-Сайн байна уу, хамтлагийнхан болон өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Маргад-Эрдэнэ гэдэг. Анх 2018 оноос н.Буд багш дээр хичээллэж, уран нугаралтыг сурсан. Манай хамтлагийнхан 6-10 жил уран нугаралтаар хичээллэсэн хүүхдүүд байдаг. Өнгөрсөн хугацаанд хамтлагаараа Австрали улсад зохиогдсон онлайн олон улсын циркчдийн фестивалийн алт, ОХУ-д зохиогдсон олон улсын эмэгтэй циркчдийн фестивалиас тус тус Гран-При, мөн UBS телевизээс зохион байгуулдаг "To be or not to be" тэмцээнд ялж "изо хаус"-ын эзэд зэрэг амжилтуудыг гаргасан.
-Гар дээрээ 210 суниасан бичлэг нь цахим орчинд гарсан байсан. Тэр бичлэгний хувьд хэзээ болсон үйл явдал вэ?
-Зургаадугаар сарын 1-ний өдөр гар дээр суниалтын тэмцээн болно гээд зар тавьчихсан байсан. Тэгээд хаана, хэзээ болохыг нь асуугаад очсон. Яагаад ч юм суниалтын тэмцээнд орж үзэхийг хүссэн. \инээв\
-Суниасаны дараа хүмүүс яаж хүлээж авсан бэ, чамаас их суниасан хүн байсан уу?
-Миний өмнө нэг эрэгтэй хүүхэд 110 суниасан байсан. Надаас хоёр дүү хүүхэд байсан. Тэнд байсан хүмүүс бүгд баяр хүргээд л, маш их гайхаж, ямар мундаг юм бэ гэж хэлж байсан. Бас зургаадугаар сарын 2-нд сошиал дээр миний бичлэг цацагдсан байсан. Тэгсэн доор нь хүмүүс ямар мундаг охин бэ, яасан тэвчээртэй юм бэ гэх мэт сэтгэгдлүүд бичсэн байсан. Тэр нь надад их сайхан санагдсан.
-ГАНЦХАН БИ Ч БИШ МАНАЙ ХАМТЛАГИЙНХАН БҮГД 200-С ДЭЭШ СУНИАЖ ЧАДНА-
-Тийм их суниахад хүнээс их тэсвэр тэвчээр шаардана. Чамд хэр хэцүү байв?
-210 суниасан маань уран нугаралтаар хичээллэдэгтэй минь их холбоотой. Спортоор хичээллэдэг буюу уран нугаралтын жүжигчид маш их хүчний дасгал хийж байж формоо хадгалж явах ёстой байдаг. Тийм ч учраас надад тийм ч хэцүү санагдаагүй. Би ч ганцаараа ингэж суниадаг юм биш, манай хамтлагийнхан бүгд 200-аас дээш суниаж чадна.
-Танай хамтлагийнхан өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Бид өдөрт дөрвөн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Тиймээс ч үүнийгээ дагаад биед маш тэсвэр тэвчээр, хатуужлыг суулгаж өгч байдаг. Анх уран нугаралтаар хичээллэх үед сунгалтын дасгал хийгээд маш их өвдөх, шантрах тохиолдол их байсан. Гэсэн ч өөртөө зорилго тавьж, хичээсээр өдий хүрсэн. Цаашид мундаг уран нугараач болно гэж боддог.
-Танай хамтлагийнхан МУСТА цол тэмдэгээр шагнуулсан хамгийн залуу иргэд болсон гэсэн?
-Тийм ээ, бид 2023 оны арванхоёрдугаар сард МУСТА гэх хүндтэй цол тэмдэгээр шагнуулсан. Тухайн үедээ шагналыг хүртэхээр болсноо мэдээд маш их баярлаж, догдолсон. Цаашдаа илүү их хичээе гэж бодсон.
-Одоо ямар тэмцээнд бэлдэж байна?
-Одоо ОХУ-д болох гэж байгаа том тэмцээнд бэлдэж байгаа. Яг одоо бэлтгэл маань эхэлчихсэн, бэлтгэлээ хийгээд л байж байна даа.
-Танай хамтлагийн цаашдын зорилго?
-Цаашдаа олон улсын тэмцээнүүдээс том шагналуудыг нь хүртэх зорилготой. Энэ дашрамд дурдахад намайг үргэлж дэмжиж ирсэн ээж, аав, гэр бүлийнхэн, багшдаа, найз нөхөддөө, хамтлагийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.