Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрийг албан ёсоор зарлалаа.
Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор болов.
Тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байгаа юм. Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ.
Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпээс хүрэл, “Токио-2020” наадмаас алтан медаль хүртсэн байдаг. Тэгвэл “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам юм.