Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой маргааш буюу энэ сарын 22-нд /2024.05.22/ тохиож буй.
Уг ойг тохиолдуулан "Монгол шуудан" компани 40х40 мм хэмжээтэй, тус бүр нь 3 мянган төгрөгийн үнэтэй 15 мянган ширхэг марк гүйлгээнд гаргасныг өчигдөр /2024.05.20/ Гадаад харилцааны яаманд танилцуулсан байна. Мөн 1300 ширхэг шуудангийн дугтуй гаргасан бөгөөд нэг бүрийн үнэ нь 12 мянган төгрөг ажээ.
Зураач Г.Баттөр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил сэдэвт маркт Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн, Альпийн нурууны алдартай уулуудын нэг Маттерхорн, Үндэсний хувцастай Монгол Цуурч, Швейцарын бүрээчид, тэнгэрт дүүлж буй бүргэд, хоёр улсын үндэсний бахархалт бэр цэцэг, цагаан уул цэцэг, Алтайн аргаль, Альпийн янгир, үзэсгэлэнт байгалийг дүрсэлсэн байна.
Зурагт дүрслэгдсэн цуурч Б.Наранбат нь 2000 гаруй жилийн түүхтэй монгол цуурын өвийг найм дахь үедээ өвлөн дэлгэрүүлж ирсэн хүн юм. Харин маркийн чимэглэл хэсэгт хоёр улсын төрийн далбаа, Алтайн аргаль, Альпийн янгир, тэнгэрт дүүлж буй бүргэд, бэр цэцэг, цагаан уул цэцэг, үзэсгэлэнт байгалийг зохиомжлон оруулжээ.
Маркийг бүтээхэд Гадаад харилцааны яамны Европын газар, Монгол улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг, уулчин Б.Гангаамаа, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, бусад материалаар хангасан байна.
Монгол маркийн 100 жилийн түүхэнд Швейцар улстай холбоотой шуудангийн маркийг анх 1960 онд "Улаан загалмайн нийгэмлэг" сэдвээр гаргаж байжээ.