Өнгөрсөн жил АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж, уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан ба тухайн жигнэмэгнээс болж нас барсан талаар "New York Times" мэдээлжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нд нас барсан хүүгийн биед хийсэн задлан шинжилгээний хариунд хүү зүрх судасны өвчтэй байсан бөгөөд энэ төрлийн өвчлөлтэй хүмүүс уг жигнэмгийн найрлагад ордог капсаицин хэмээх бодист мэдрэг байдаг учир зүрх судасны үйл ажиллагаа нь зогссон байж болзошгүй гэх дүгнэлт гаргажээ.
"Paqui Chips”-ыг Америкийн алдарт шоколадны Hershey компанийн охин компани болох Amplify Snack Brands үйлдвэрлэн гаргадаг. Дэлхийн хамгийн халуун чинжүү гэгддэг "Carolina Reaper" болон "Naga Viper Pepper"-ийг агуулдаг уг жигнэмэг нь энгийн чинжүүнээс даруй 300 дахин их капсаицин хэмээх бодис агуулдаг байна. Нас барсан хүү уг жигнэмгийг идсэнийхээ дараа гэдэс нь хүчтэй өвдөж байгаа тухайгаа гэрийнхэндээ ярьсан бөгөөд тухайн өдрийнхөө үдээс хойш өрөөндөө ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар нас баржээ.
Түүнийг нас барснаас долоо хоногийн дараа "Paqui Chips"-ийг үйлдвэрлэгч компани худалдаанд байгаа бүх жигнэмгээ эргүүлэн татан авч, уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүмүүст нөхөн олговор олгосон байна. Компанийн зүгээс талийгаачийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэн, жигнэмгийн арын хэсэгт анхааруулга, хэрэглэх тодорхой заавар байсан тухай мэдэгдсэн байна.