Монгол Улс 1964 оны Токиогийн зуны олимпод анх оролцсоноос хойш нийтдээ 15 удаагийн олимпод оролцоод байна. Харин энэ хугацаанд манай улсын шигшээ багийн тамирчид нийтдээ 31 медаль авсны 12-ыг нь жүдо бөхийн тамирчид хүртэж байжээ. Тодруулбал, жүдо бөхийн тамирчид 1 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн бөгөөд олимпоос хамгийн их медалийн хүлээлтийг үүсгэдэг монголын топ спортуудын нэг билээ.
-ЯПОНЫ БӨХ МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГТ НЭГДЭХИЙН ТУЛД ИРГЭНШЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ-
Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хүнд жинд барилдах тамирчин ховор, өрсөлдөөн бага үүнийгээ дагаад амжилт тааруу байдаг байсан бол сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн шигшээ багийн хүнд жингийн амжилт мөн буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл тус хоосон зайг нөхөхөөр Японы шигшээ багт байсан -90 кг жинд барилддаг Косүкэ Машияма өөрийн хүсэлтээр Монгол Улсын шигшээ багт нэгдэхээр болсон. Тус тамирчинд 2024 оноос хойш Японы шигшээ багийн өмсгөлтэй олон улсын тэмцээнд оролцох боломж огт олдоогүй байдаг. Иймд өөрийн хүсэлтээр Монгол Улсын шигшээ багт нэгдэх хүсэлт гаргасан байна.
Косүкэ Машиямаг нь 1999 онд төрсөн бөгөөд өдгөө 27 настай. Тэрбээр 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2021 оны Баку болон 2022 оны Токиогийн Их дуулгын аварга, 2019 оны Азийн аварга, 2021 болон 2022 оны ДАШТ-ий холимог багийн төрөлд тус тус аварга болж байсан тамирчин юм.
Тус амжилтыг Японоос өөр орны тамирчин гаргасан бол өндөр зэрэглэлд үнэлэгдэж, олон улсын том тэмцээнүүдийг алгасалгүй оролцох байсан биз ээ. Гэвч Косүкэ Машияма нь Японы -90 кг жинд олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Санчиро Муроад "дарагдсан" учир 2027 оны дэлхийн аварга 2028 оны олимпод өрсөлдөхөөр Монгол Улсын шигшээ багийг сонгож байгаа нь гарцаагүй.
-ӨӨРИЙН УЛСЫН ӨМСГӨЛТЭЙ 3 ЖИЛ ТЭМЦЭЭНД ОРОЛЦООГҮЙ БОЛ ӨӨР УЛСЫН НЭР ДЭЭР БАРИЛДАХ ЭРХ ҮҮСНЭ-
Косүкэ Машияма нь 2027 оноос эхэлж Монгол Улсын шигшээ багт нэгдэх боломжтой. Японы жүдо бөхийн дүрэмдээ шигшээ багийн өмсгөлтэй 3 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй тохиолдолд гадны улсын нэр дээр барилдах боломжтой болдог аж.
Мөн Монгол Улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй учраас Косүкэ Машияма иргэншлээ солиулах бүх зүйлээ бэлдсэн байгаа мөн монголын шигшээ багт орж байгаа нь цэвэр өөрийнх нь шийдвэр байсан хэмээн ойрын эх сурвалж мэдээлсэн юм.
Тэгвэл Косүкэ Машияма манай шигшээ багаас барилдаж эхлэхээр -90 кг барилддаг монгол залуусд боломж олдоход хэцүү болж байна. Энэ жилийн жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний -90 кг жинд А.Мөнх-Эрдэнэ алтан медаль, Б.Мөнхбаяр мөнгөн медаль, Г.Болор-Очир, Б.Алтансүх нар хүрэл медаль хүртсэн. Гэтэл УАШТ-дээ түрүүлсэн А.Мөнх-Эрдэнэ 28 настай бөгөөд одоогоор олон улсын чанартай тэмцээнээс медаль авч үзээгүй тамирчин юм. Энэ ч утгаараа манай шигшээ багийн хувьд сул байсан жиндээ олимп, дэлхийн аваргад медалийн төлөө өрсөлдөх тамирчинтай болж байна. Харин -90 кг жинд барилддаг манай улсын тамирчдын хувьд өрсөлдөөний зарчмаараа Косүкэ Машиямаг УАШТ-дээ ялж олон улсын тэмцээнд явах гэдэг томоохон даалгавар гарч ирж байна.
Сонирхуулахад, Косүкэ Машияма нь Монгол Улсын иргэншил авч, шигшээ багт нэгдэж байгаа анхны тохиолдол биш. Өмнө Иранаас барилддаг байсан Саид Моллай 2019 оны арванхоёрдугаар сард иргэншлээ сольж Монголын тамирчин болж байв. Гэвч тэрээр 2021 оны Токиогийн олимпод оролцож мөнгөн медаль хүртэж, түүнд машин, мөнгөн шагнал зэргийг олгон урамшуулж, Монгол Улсын гавьяат тамирчин хүртэл өгөх талаар яригдаж байсан ч 2022 онд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Азербайжан руу явсан байдаг. Косүкэ Машиямагийн хувьд хамгийн гол зорилго 2028 оны олимп учраас Саид Моллай шиг олимпын дараа буцаад Япон руугаа явж ч магадгүй юм.